СОНСГОЛ: "Онтрэ" компаниас ирсэн хуудас болгон нууцын тамгатай учраас олон нийтэд мэдээлэх эрхгүй
Оюутолгойн асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал сонсголыг эхэнд "Хэн бүхэн парламентыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Хоёрт, сонсгол даргалагч сонсголын дэг сахиулах бөгөөд дэг зөрчигчийг сануулж, танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авна. Гуравт, сонсгол даргалагч гэрч, шинжээч, хянан шалгагч, бусад оролцогчид хууль сануулж, эрх үүргийг нь танилцуулах үүрэгтэй. Энэ хүрээнд сонсголын дэгийг нэг бүрчлэн танилцуулж байна.
Дөрөвт, сонсголыг доор дурдсанаас бусад тохиолдолд нээлттэй явуулж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна. Хувь хүний нууцтай холбоотой асуудал, гэрч эсвэл гуравдагч этгээдийн хувийн амьдралтай холбоотой асуудал, мөн нийтэд мэдээлбэл түүний хууль ёсны ашиг сонирхол хохироох үйл баримт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учрахтай холбоотой асуудал бий.
Бид хянан шалгах түр хорооны сонсголыг олон нийтэд нээлттэй явуулах зарчим баримталж байна. Оюутолгойн орд төрийн нийтийн өмч буюу ард түмний баялаг. Ард түмний мэдэх эрхийг хангах үндсэн үүргийг хангах зорилготой.
Нотлох баримтыг шинжлэх судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон түр хорооны гишүүд асуулт асууж болно. Асуулт асууж хариулт авах хугацаа 3-4 минут байна. Хариулт тайлбар хангалтгүй гэж үзвэл нэг минут нэмж өгнө.
Тусгай хяналтын сэдэвтэй холбоогүй тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан шинжтэй асуулт тавихыг хориглоно. Хэрвээ тэгвэл сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, дараагийн асуултыг асууна. УИХ-ын хяналтын сонсголд оролцож буй этгээд үнэн зөв, бүрэн мэдээлэл өгнө.
Сонсгол зохион байгуулах танхимтай холбоотой асуудал гарлаа. Уг нь Хяналтын сонсгол хийх мэдээллийг сарын өмнө хийсэн. УИХ-ын хянан шалгах түр хороо хуулиараа зургаан сарын хугацаанд хуралдаж, үр дүнгээ УИХ-д танилцуулах үүрэгтэй. 2026 оны нэгдүгээр сарын 2-нд хугацаа дуусна. Энэ хугацаандаа багтаж, ямар ч саад тохиолдсон сонсголоо явуулах ёстой.
Өнөөдрийн Хянан шалгах түр хорооны сонсголыг МҮОНРТ-ээр шууд дамжуулж, бүх иргэдэд хүрч байгаа. Хурлын үйл ажиллагаа тасалдаж болохгүй. Бид сарын өмнө УИХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулсан.
УИХ-ын Тамгын газар албан ёсоор Хянан шалгах түр хорооны даргаас захиа явуулсан байгаа. Өнөөдрийн заалтай холбоотой асуудал гарах ёсгүй юм. АН-ын бүлгийн хурал өөр танхимд хийгдэх ёстой. УИХ-ын Тамгын газар энэ асуудлыг шийднэ гэдэгт итгэлтэй байна.
Оюутолгойн Хянан шалгах түр хороо байгуулагдаад таван сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд 12 удаа хуралдсан байна. Мөн үүнтэй холбоотой 28 орчим төрийн байгууллагатай уулзсан. Эдгээр байгууллагуудаас ганцхан байгууллагад зургаан удаа албан бичиг өгсөн боловч ирээгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрөө 34 хувийг эзэмшдэг, Монгол Улсад бүртгэлтэй Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлагыг дуудаж танилцуулгаа тавиач гэсэн.
Хянан шалгах түр хороо гэдэг бол Монгол Улсын хамгийн том хяналтын механизм. Яагаад тайлангаа тавиагүй вэ. Хоёрдугаарт, бид Хянан шалгах түр хорооны хуралд дээр 92467 хуудас нотлох баримт цуглуулсан. Харамсалтай нь, 51 хувь нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамга дарчихсан байгаа учраас өнөөдөр энд ашиглаж чадахгүй байна.
Тэр дундаа Оюутолгой, Онтрэ компаниас ирсэн хуудас болгон нууцын тамгатай байсан. Тэр битгий хэл Хянан шалгах түр хорооны даргад ирсэн албан тоотуудын дийлэнх нь нууцын тамгатай байсан. Ингээд нууцын тамгатай ирэхээр олон нийтэд мэдээлэх эрхгүй болж байгаа юм. Энэ шийдвэрийг ямар учраас гаргаж хуудас болгон дээр нууцын тамга дарсан юм бэ" гэв.

































































Сэтгэгдэл