Трамп, Рютте нар Гренландын асуудлаар ерөнхий тохиролцоонд хүрчээ
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн нь ирээдүйд байгуулах гэрээний үндэс суурь болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн дарга Марк Рютте-тэй хийсэн “маш бүтээлч, үр дүнтэй уулзалтын” явцад зөвшилцөлд хүрч чадсан гэдгээ тэрбээр тодруулсан байна. “Энэ шийдвэр хэрэгжих аваас АНУ болон НАТО-гийн гишүүн бүх улсын хувьд маш том эерэг зүйлийг авчирна. Үүнээс үндэслэн миний бие хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан татваруудыг цуцаллаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч бичсэн байна.
Гренландын талаарх өөрийнх нь байр суурийг эсэргүүцэж буй Европын 8 улсын бараанд 10 хувийн татвар ногдуулах, цаашдаа Гренландын асуудлаар тохиролцоонд хүрэхгүй бол уг татварыг 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэж Д.Трамп өмнөх долоо хоногт мэдэгдсэн билээ. Тэрбээр цааш нь бичихдээ, Гренландын асуудлын хүрээнд агаарын довтолгооноос хамгаалах Америкийн “Алтан дээвэр” системтэй холбоотой нэмэлт хэлэлцээ явагдаж байгаа ажээ.
Мөн өдөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Рютте Гренландын асуудлаарх тохиролцооны ерөнхий нөхцлүүдийг АНУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн болохыг баталсан байна. Давосын эдийн засгийн уулзалтад оролцож буй тэрбээр “Трампын хийсэн мэдээлэл бол үнэн зөв” гэдгийг нотолсон боловч нарийн ширийн зүйлүүдийг ярьсангүй.
Рютте-гийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар бол, Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Трамп, Рютте нар маш үр дүнтэй уулзалт хийжээ. “Дани, Гренланд, АНУ-ын хооронд явагдаж буй хэлэлцээ нь эдийн засаг, цэргийн хувьд Гренландад байрлан бэхжих боломжийг Орос, Хятад хоёрт олгохгүй байх үүднээс цаашид үргэлжлэн явагдана” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Харин татвараа цуцалсан Д.Трампын шийдвэрийг Германы Сангийн сайд Ларс Клингбайл тайлбарлахдаа “тэд хэлэлцээ хийж буй нь сайн хэрэг, гэхдээ бид хүлээзнэх хэрэгтэй, хэтэрхий эртнээс хэтэрхий найдвар тавих хэрэггүй” гэжээ.
Эх сурвалж: DW
Б.АДЪЯАХҮҮ
































































Сэтгэгдэл