Д.Эрдэнэбат: Эдийн засагт улс төр байхгүй, харин бодит тоо л байгаа

Д.Тулга / Эдийн засаг

erdenebatАж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцууллаа. 2014 онд Монгол улс 5,2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортоор авч хэрэглэжээ. Нийт импортын 28 хувийг шатахуун, 30 хувийг машин, механизм түүний эд анги, 10 хувийг төмөр хийц эдлэл эзэлж байна. Харин нийт экспортын дотор аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ 0 байна. Эдийн засагт улс төр байхгүй, харин ганцхан бодит тоо л байгаа. Энэ тоон дээр тулгуурласан эдийн засгийн болон үйлдвэржилтийн бодлого байх ёстой гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.

Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаасаа хойш суурь бодлогоо тодорхойлж, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьжээ. Чөлөөт бүсийн тухай хуулийг УИХ-аар батлуулснаар Замын-Үүд болон Алтанбулагийн чөлөөт бүс, хил орчмын худалдаа, тарифын хөнгөлөлтийн асуудлаар хөрш орнуудтай яриа хэлэлцээ хийж, ажлын хэсэг гарган шуурхай ажиллах болсон байна. Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.

Үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санхүүжүүлсэн төслүүд дотор үр ашигтай ажиллаж байгаа үйлдвэр олон байгааг сайд хэлээд эдгээрийн дундаас Монголд анх удаа хадаас хийж байгаа үйлдвэрийг онцолсон юм. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоол батлуулснаар зүүн болон говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргуулсан байна. Энэ хоёр байршилд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, байгаль орчны үнэлгээг тогтоох ажлын хэсэг байгуулан ажил эхлүүлснээр ирэх намар нефтийн үйлдвэр байгуулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад санал тавихад бэлэн болно гэв.

Ж.МАРАЛ

Гэрэл зургийг Ц.Энхтайван


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.