П.Содномдорж Г.Дэнзэнг өмгөөлөхөөс татгалзжээ

Д.Тулга / Хууль

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас сүр дуулиантай баривчлан, 14 хоног хорьсон. Тухайн үед түүний өмгөөлөгч П.Содномдорж “Өдрийн сонин”-д ярихдаа “Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг АТГ-ын алба хаагчид хууль бусаар албадан саатуулад байна. Надад огт мэдэгдээгүй. Өмнө нь нэг ч удаа АТГ-аас дуудаагүй мөртлөө шууд ингэж албадан баривчилж, өмгөөлөгчгүй мэдүүлэг авах эрх байхгүй. Хууль зөрчсөн асуудал. Тэд эрүү шүүлт тулгаж байгааг ч үгүйсгэх аргагүй. Үйлчлүүлэгчээ баривчлагдсан гэдгийг сонсоод АТГ-т ирсэн ч намайг нэвтрүүлсэнгүй. Хаана ямар өрөөнд байгааг нь ч мэдэж чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41-д өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ хаана ч, хэдийд ч уулзах эрхтэй гээд заачихсан байдаг. Хуулийн дагуу үйлчлүүлэгчтэйгээ уулзмаар байна гэсэн хүсэлтийг АТГ-ын удирдлагуудад тавьсан ч хүлээж авсангүй. Арга ядаад АТГ-ын үүдний өрөөнөөс үйлчлүүлэгчийнхээ нэрийг дуудаж хашгирлаа. Тэд хүний эрх, хууль журмыг уландаа гишгэж байна” гэх утгатай зүйлс ярьсан байв.

Хамгийн сүүлийн мэдээллээр тэрбээр АТГ-ын дарамт шахалтаас болж ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг өмгөөлөхөөс татгалзаж байгаа талаараа мэдэгдсэн байна.

П.СОДНОМДОРЖ: АТГ-ААС АЙЖ БАЙНА

Г.Дэнзэнг баривчилдаг тэр өдөр өмгөөлөгч П.Содномдорж АТГ-т очиж, үйлчлүүлэгчтэйгээ уулзах гэсэн боловч уулзуулахгүй байсан тул зүрх нь дэлсэж, бухимдсандаа Долоогоны хандыг эмчийн зөвлөсний дагуу 21 дуслыг уусан байна. Улмаар TV8 болон TV5 телевизийн сэтгүүлчдэд мэдээлэл өгсний дараа АТГ-ын хамгаалалтын ажилтан “Таныг Тамир мөрдөн байцаагч дуудаж байна” гэсэн байна. Гэтэл түүнийг Тамир мөрдөн байцаагч болон АТГ-т томоохон албан тушаал хашдаг бололтой нүдний шилтэй нэг хүн шатан дээр тосч уулзсан аж. Улмаар “Чи муу гөлөг яах гээд байгаа юм бэ. Яасан их хэл ам хийж сэтгүүлч дууддаг новш вэ. Зөрүүлээд сэтгүүлч дууд. Наад муу чинь өмгөөлөгч мөн юм уу. Үнэмлэхийг нь шалга. Амьдралгүй болгоно шүү п... минь...” гэх мэтчилэн дарамталжээ. Үүгээр ч барахгүй “Энэ муу архи уусан юм шиг байна. Цагдаа дууд. Шал согтуу байгаа юм биш үү” гэсэн байна. Долоогоны хандаа үзүүлтэл нэг нь гарыг нь мушгиж, нөгөөх нь долоогоны хандыг нь булааж авах гэж оролдсон аж.

Ингээд байдал эвгүйтсэн тул тэрбээр Тамир байцаагчийн өрөөнөөс гарч явсан гэх бөгөөд маргааш нь ажлын үнэмлэхээ авах гэж АТГ-ын үүдэнд өдөржин суусан ч авч чадаагүй байна. Тэр үед ч дугаараа нууцалсан этгээд залгаж “Дэндэн энэ тэр гэж хуцаад байвал чамайг ална шүү. Далчганаад байлгүй мөрөөрөө яв” хэмээн дарамталсан юм байна. Тиймээс П.Содномдорж энэ бүх дарамт шахалтаас болж Г.Дэнзэнг өмгөөлөхөөс татгалзаж, гэрээгээ цуцалжээ. Тэрбээр “Амь нас, гэр бүлд минь дарамт шахалт учруулж байгаа болохоор арга буюу татгалзаж байна. Үнэндээ АТГ-аас айж байна.” хэмээсэн байх юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.