З.Энхболд: Ардчилсан нам “фракцгүй” нам болж байна
Ардчилсан Нам байгуулагдсаны 25 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрөөр Ардчилсан намынхан баярын хурлаа Соёлын төв ордонд тэмдэглэн өнгөрүүллээ. Хурлыг нээж Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд илтгэл танилцуулснийг бүрэн эхээр хүргэж байна.
Ардчилсан Монголын эрх чөлөөт иргэд ээ,
Ардчилсан намын гишүүд дэмжигчид ээ,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Коммунист дэглэмээс тайван замаар салж, ардчиллын үнэт зүйл болсон олон намын тогтолцооны үндэс угсаа Ардчилсан Нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
ЗХУ тэргүүтэй Зүүн Европын орнуудад өрнөсөн ардчиллын үйл явцтай уралдан талын монголчууд хүн төрлөхтний үнэт зүйл болсон олон намын тогтолцоотой ардчиллын замыг хэний ч тушаал заавар, зөвлөгөөгүйгээр өөрсдөө сонгосон билээ. Бид бусадтай адил цус урсгаж, нийгэмд эмх замбараагүй байдал дэгдээн эмгэнэлт үр дагаварт хүрэлгүйгээр зөвхөн зөвшилцөл, харилцан итгэлцэл, яриа хэлэлцээрийн замаар хувьсгал хийж чадсан. Үүнийг дэлхий нийт “ганц ч цонх хагалаагүй, дусал ч цус урсгаагүй” хэмээн бахдан ярьдаг.
Эргэн харахад энэ ганц алхамыг хийхийн тулд бусад улс орнууд арав, хорин жилийг зарцуулж, зарим нь бүхэл бүтэн зууныг алдаж байна.
Коммунизмын газар нутгийн хамгийн гүнд нь байрлаж байсан монголчууд бидэнд ардчилалд шилж гэсэн болзолыг хэн ч гаднаас тулгаагүй, бидний эргэн тойронд хил дамнан орж ирэх ардчилал ч байгаагүй. Монголчууд угаасаа эрх чөлөөт ард түмэн. Ийм унаган ардчилалтай орон дэлхийд хуруу дарам цөөхөн.
Монголын ардчилал бол улс төр, эдийн засгийн хувьд нэгэн зэрэг шилжилт хийсэн хамгийн зоримог хувьсгалын нэг. Энэ хоёр шилжилтийн зөвхөн аль нэгийг хийхэд маш их цаг хугацаа ордог, эсвэл гадаадын асар их тусламж, дэмжлэг шаардагддаг гэдгийг түүх харуулдаг. Бид маш богино хугацаанд олон улсын дэмжлэгийг харьцангуй багаар авсан хэдий ч ихэнхдээ дотоод ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар давхар шилжилт хийж чадсан нь түүхэн амжилт.
Ардчилсан нам ардчиллын амин сүнс нь үг хэлэх эрх чөлөө гэж үзсэн. Үг хэлэх эрх чөлөө нь ард түмнийг нэгтгэн нягтруулж, ойлголцуулж, ардчиллыг бэхжүүлж, бойжуулж чадсан хамгийн чухал ухагдахуун юм.
Үг хэлэх эрх чөлөөний ачаар л бид маргаантай бүх талуудыг сонсож, сонсгож, дундын шийдлийг олж чадсан. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид нийгмээ алхам тутамд нь сайжруулж, алдаа оноогоо ярилцаж, засч залруулж яваа билээ. Үггүйгээр ойлголцол үгүй. Ойлголцолгүйгээр амгалан тайван амьдрал хөгжил дэвшил үгүй. Үг хэлэх эрх чөлөөг хамгаалах нь монголын ардчиллын суурийг хамгаалахтай адил чухал үйл хэрэг юм.
Ардчилал бидэнд дэлхийн бүхий л ардчилсан орны иргэдэд нээлттэй байдаг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрхийг өгч чадсан. Монголын ардчилал бас үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёлыг маань сэргээж өгсөн. Өдгөө Монголчууд дэлхийн бусад орны хүмүүсийн нэгэн адил эрх, эрх чөлөөгөө эдэлж, өөрийн үндэсний онцлог дүр төрхөөр ялгарч чадах боломжийг бий болголоо.
Ардчилсан хувьсгалын ачаар Монгол улс дэлхийд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л талаар нээлттэй болж Монгол хүн жинхэнэ утгаараа дэлхийн хүн болж чадлаа. Ийм үнэт зүйлсүүдийг бий болгож, ардчиллын дархлааг хамгаалж, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, улс Монголоо хөгжил дэвшилд манлайлан оройлохын тулд өдгөөгөөс 25 жилийн өмнө Монголын Ардчилсан Нам байгуулагдсан юм.
Би Ардчилсан хувьсгалын түүхэн үйл явцыг яриад байгаа нь угтаа Ардчилсан Намын түүхийг ярьж байна гэсэн үг. Ардчиллын ууган намын хувьд МоАН малыг малчдад, газрыг иргэдэд, орон сууцыг оршин суугчдад нь ямар нэгэн болзол үнэ төлбөргүйгээр авах түүхэн эрхийг санаачлан нээж өгсөн.
1990 оноос Монгол Улс иргэний ардчилсан нийгмийн чиг баримжаагаар хөгжсөнөөр алдсанаасаа оносон нь их. 1940-1990 оны хоорондох 50 жилд Монголын эдийн засаг 10.4 дахин өссөн бол өнгөрсөн 25 жилд 76 дахин өссөн байна. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 100 тэрбум төгрөг байсан бол 2015 оны төсөвт энэ үзүүлэлт нь 7.6 их наяд төгрөг боллоо. Бид гурван саяуулаа болж, мал сүргийн тоо 52 саяд хүрлээ. Монгол хүний дундаж наслалт сүүлийн 25 жилд 7 жилээр нэмэгдэж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76, эрэгтэйнх 68 боллоо.Энэ бол өнгөрсөн 25 жилд олсон ололтын цөөхөн жишээ.
Ардчилсан нам 2012 онд УИХ-д хамгийн олон суудал авсан улс төрийн хүчний хувьд хуулийн шинэтгэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд боломж чинээгээр ажиллаж нийгмийг ялзруулах гол хүчин зүйл болсон авлига, хээл хахуультай тууштай тэмцэж байна. Итгэл хүлээж чадсан Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг нэгэн жилийн турш даргалж, 2016 онд АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй эрх үүргийг авч чадлаа.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ардчилсан нам маргаашийн сонгуулийг бодож, нэр нүүрээ аргацаасан явуургүй бодлогоор өдөр хоногийг өнгөрөөж байсангүй. Ардчиллын үнэт зүйл болсон хуулийн шинэчлэл, өмч хувьчлал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, үнэ чөлөөлөх зэрэг дэлхийн улс орнуудтай хөл нийлэх жам ёсны өөрчлөлтүүдийг Ардчилсан нам гаргаж тавьж ажил хэрэг болгосоор ирсэн. Шинэчлэл өөрчлөлт болгон эхлэхдээ нийгмийн олонхиос дэмжлэг шууд авч чаддаггүй болохоор Ардчилсан нам үүнийхээ төлөө олон жил сайн муугаар хэлүүлсэн. Гэвч бид хэзээ ч шантарч байсангүй.
МАН 2008 оны сонгуульд оролцохдоо иргэн бүрт 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалт өгч Засгийн газар ирээдүйгээсээ 1 тэрбум орчим доллар зээлж тараасан нь өнөөдрийн эдийн засгийн хямралын үндэс болсон. Харин Ардчилсан намын 1 сая төгрөгийн эх орны хишиг буюу байгалийн баялагаас хүртэх эрхийн бичгийн амлалт нь эдийн засгаа тэтгэж үр ашгаас нь иргэд хүртэх бодлого байсан юм. Бодит үнэн гэвэл ердөө энэ. Уснаас хуурай гарах оролдлого нь бидний зан биш. Бид алдаа оноогоо дэнсэлж ард түмнийхээ нүдэн дээр ил тод ажилладаг.
Улс орны эдийн засгийн чадавхийг сайжруулах, ард түмнийхээ ахуй амьдрал, мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, төрийг чадавхижуулсан төрийн албыг тогтвортой ажиллуулах, дотроо эв эеэ хичээх, сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар анхаарч ажиллах, ажлаа сайжруулах асуудлууд их байгаа.
Сүүлийн үед эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй зэрэгцээд нийгмийг хямрааж, улс орныг үймүүлж, хувьсгал хийх тухай ярьсан бүлэглэлүүд идэвхижиж байна. Талын монголд өнгөт хувьсгал, коммунизм, дарангуйлагч дэглэмийн аль нь ч хэрэггүй. Шуудхан хэлэхэд бид хувьсгалаа хийчихсэн. Тэр хүмүүс өнөөдөр амьд гэрч болоод энд сууж байна. Харин эдийн засаг, үйлдвэржилт, үсрэнгүй хөгжлийн тухай ярьж болно.
Монгол Улс тогтвортой, хөгжлийн нэгдсэн зөв бодлогогүйгээс улс төрийн сонгууль бүхэнд намууд элдэв популист амлалтаар ард түмнээ хуурч, түүндээ бүдэрч, үүнээс улбаалаад улс орныхоо хөгжлийг сааруулж байна.
АН улс төрийн намуудад сонгуульд оролцохдоо популист амлалтаар бус тухайн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх арга ухаанаар өрсөлдөхийг уриалж байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд ойрын хугацаанд урт хугацааны хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулж УИХ-аар батлуулахын төлөө байна. АН хот, хөдөөгийн ялгааг бодитой арилгахын тулд хөдөөгийн асуудлыг хотоос ярьж, шийддэгээ больж бодит хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангаар дамжуулан өөрсдийнх нь мэдэлд өгдөг болсон. Энэ бол хөгжлийн зөв гарц.
2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам УИХ-д хамгийн олон суудалтай болсноор олон ажлыг хийж амжуулж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 2600 км авто зам барьж, 6 аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холболоо. Ийм хэмжээний замыг өмнөх 10 жилд ч барьж чадаагүй юм.
Улаанбаатар хотын 20 гаруй гудамж, авто замын уулзварыг шинээр барьж байгууллаа. Яармагаас Баянзүрхийн гүүр хүртэл Богд уулын авто зам шинээр тавигдлаа. Сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа цахилгаан станцуудад өргөтгөл хийж эрчим хүчний үйлдвэрлэлийг 167 мвт-аар өргөтгөлөө. Монгол улсын түүхэнд анх удаа жилийн 8 хувийн хүүтэй урт хугацаатай орон сууцны зээлд 47.7 мянган иргэнийг хамрууллаа.
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болж, үндэсний үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Би ололт амжилт, хийж буй ажил, хийх санаануудынхаа тухай ярилаа. Нийгэмд өрнөж буй бас нэгэн таагүй асуудлыг ярилгүй өнгөрч боломжгүй байна. Авлига хээл хахууль нийгэмд нүүрлэж, эдийн засгийн гадаад, дотоод таагүй нөхцөл, ашигт малтмалын үнийн уналтаас үүдэн эдийн засгийн хөгжил саарч буй олон хүчин зүйлтэй уялдаад “нам хэрэггүй, ирэх сонгуульд бие даагчдыг дэмжинэ” гэсэн ойлголт, бодол санаа, ард түмний цөөнгүй хэсгийн амнаас сонсогдох боллоо. Ардчилсан нийгэмд улс төрийн намууд үзэл бодлоо уралдуулан сонгуульд оролцож, эмхлэн байгуулсан
Засгийн газраараа дамжуулан бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Аль нам хэрхэн ажилласныг сонгуулиар л дүгнэдэг. Бид Ардчиллаар тийм тогтолцоог сонгож Үндсэн хуулиараа баталгаажуулсан юм. Гэтэл эдийн засгийн хүндрэлийг далимдуулан нийгэм, улс төрийн хямрал үүсгэх элдэв явуулга гарч байгаад Монголчууд бид сонор сэрэмжтэй, ухаалаг уужуу тайван хандаж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бүхнээс түрүүнд тавих ёстой.
76 бие даагч сонголоо гэж бодъё. Тэд яаж Засгийн газраа байгуулах вэ. Эргээд тэдэнтэй яаж хариуцлага тооцох вэ. Хариулт нь тун энгийн. Бас сонгуульд зориулагдсан улс төрийн шинэ намууд төрөхөөр дуншиж байгаа сурагтай. Манайхаас ч зарим нэг нь уламжлал ёсоор ээлжит шинэ намаа байгуулахаар гүйж яваа. Нам хэрэггүй гэдэг үзэл хаанаас яваад байгааг мэдэхгүй ч намгүйгээр ардчилсан төр оршин тогтох боломжгүйг дэлхийн улс орнуудын түүх нотлож байна. Харин түүний оронд бид алдаа оноогоо дэнсэлж, улам тунгалагшиж, хөгжиж дэвшин ард түмнийхээ итгэл найдварыг олж авах ёстой.
Эрхэм журмын нөхөд өө!
Улс төржих биш улс орноо хөгжүүлэхийг ард түмэн хүсэж байна. Нам дотроо талцаж тэмцэлдэх биш эвлэж нэгдэхийг манай намын жирийн гишүүд хүсэж байна. Энэхүү хүсэлтийг биелүүлэх нь Ардчилсан намын удирдлага, УИХ дахь АН-ын бүлэг, бүх шатны намын байгууллагын үүрэг гэж бид үзэж байна.
Ийм учраас өнөөдрөөс эхлэн “фракцгүй” Ардчилсан нам болж байгааг энэхүү индэр дээрээс мэдэгдэж байна. Өнөөдрөөс эхлэн фракцгүй Ардчилсан намыг манай нам доторхи фракцийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, зөвхөн Монгол улсынхаа төлөө зүтгэх Ардчилсан нам гэдэг ганц “фракци”-д нэгдэхийг та бүхэнд уриалж байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, туршлагатай, чадвартай хэнийг ч болов намын, хэсэг бүлгийн, фракцийн эрх ашгаас дээгүүр үнэлэхийг манай намын төдийгүй Монгол төрийн эрх ашиг шаардаж байна. Монгол төрийн алба нь нам, улс төрөөр талцсан хийрхэлээс гарах эхлэлийг Ардчилсан нам эхлүүлж байна.
Монгол орны улс төрийн намуудын шинэчлэл, өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагыг Ардчилсан нам манлайлж ирсэн, цаашид ч манлайлах болно. Улс төрийн намууд төлөвшихийн хирээр улс орон тогтвортой хөгждөгийг дэлхийн хөгжилтэй улс орнуудын түүх нотлож байна. Ардчилсан нам төлөвших нь Монгол улсын түүхэн захиалга. Төлөвшсөн Ардчилсан нам л Монгол улсаа хөгжүүлж чадна.
“Фракцигүй” Ардчилсан нам болж байгаа нь Монгол улсын улс төрийн намуудын төлөвшилд оруулж байгаа Ардчилсан намын манлайлал юм.
Төрийн болон улс төрийн үйл ажиллагаанд сахилга хариуцлага тооцох, нийтийн эрх ашгаар хувь хүний эрх хязгаарлагдах жам ёсыг дагах, хууль гарсан бол заавал хэрэгжүүлэх, хэн нэгний алдаа дутагдалыг нам, улс төрийн бүлэглэлийн эрх ашгаар гул барин хаацайлахыг таслан зогсоох, удирдах удирдуулах ёсыг хэм хэмжээ болгох гээд олон өөрчлөлт шинэчлэлтийг “фракцигүй” Ардчилсан нам хийж чадна.
Монгол ахан дүүс ээ!
Эрхэм журмын нөхөд өө!
Улс төрийн бусад нам эвслийн удирдлага, гишүүд, дэмжигчид ээ!
Улс Монголынхоо сайн сайхны төлөө, улс төржилтөө нэгэн бүтэн жил хойш тавьж, урагшлан хөгжихийн төлөө хөлс хүч, оюун ухаанаа дайчлан ажиллацгаая.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Та бүхэнд баярлалаа.
Сэтгэгдэл