М.Энхсайхан: УИХ Тавантолгойн гэрээний төслийг шуурхай шийдэж өгнө гэж найдаж байна

Д.Тулга / Эдийн засаг

enhsaihanТавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн барьсны дараа Монгол Улсын сайд, Тавантолгойн төслийн хэлэлцээрийг бэлтгэх ажлын хэсгийн дарга М.Энхсайхан, Дэд ажлын хэсгийн дарга бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр М.Энхсайхан сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-д хэд хэдэн төрлийн тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьсан гэсэн. Ямар, ямар тогтоолын төсөл вэ?

-Засгийн газрын зүгээс үндсэн зургаан тогтоолын төслийг өргөн барьсан байгаа. Эхний тогтоол нь Засгийн газраас бэлтгэсэн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд үүрэг болгосон төсөл байгаа. Бусад таван төсөл нь урьд өмнө Тавантолгойг тойроод УИХ-аас гарсан нэр томьёоноос эхлээд өөр хоорондоо зөрчилтэй олон тогтоолын төслүүдийн зөрчлийг арилгахтай холбоотой байгаа. Тухайлбал, нэг тогтоолд нь Ухаахудаг-Гашуунсухайт гэж байхад нөгөө тогтоолд нь Тавантолгой-Гашуунсухайт гэж байх жишээний. Тэгэхээр нэр томьёоны хувьд хүртэл асуудал тарьж мэдэхээр ийм асуудлуудыг цэгцлэхээр оруулсан.

-Тогтоолын төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. 14 хоногийн хугацаанд багтаж шийдвэрлэх болов уу?

-УИХ-ын нээлтийн ажиллагаанаас тоолж эхлэх юм бол цаг хугацаа нилээд алдсан. Гэхдээ УИХ үүнийг шуурхай журмаар шийдэж өгнө гэж найдаж байна.

-Өргөдлийн байнгын хорооноос хүргүүлсэн Эрдэнэс Тавантолгойн Монголын ард түмний эзэмшиж байгаа 20 хувийн хувьцааг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах ёстой гэсэн саналыг оруулсан уу?

-Өргөдлийн байнгын хороон дээр энэ талаар 3000 гаруй санал ирсэн. Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнийх нь дагуу Засгийн газар хуралдаад шийдвэрээ гаргачихсан байгаа. Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшиж байгаа хэдий ч тэрийгээ мөнгө ч болгож чадаагүй, хувьцаа хэлбэрээр ч авч чадаагүй байгаа иргэд төсөл эхлэхээр хаягдчих вий гэсэн үүднээс байнгын хорооноос энэ саналыг оруулсан юм байна лээ. Бид хувьцаагаа мөнгөжүүлж чадаагүй нийт нэг сая нэг зуу орчим хувьцаа эзэмшигчдийг эргэж бүртгэх даалгаврыг өгчихсөн байгаа.

-УИХ-ын дарга тогтоолын төслийг буцаахдаа Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2.1 сая иргэний гарын үсгийг цуглуулах ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-1072 ширхэг хувьцаа Таван толгойн компанийн нийт хувьцааны 6.5 хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ өмнө гарсан шийдвэрүүдээр саналын идэвхигүй хувьцаа. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа 93 орчим хувийг Засгийн газар өмчилнө. Тиймээс Засгийн газар гэрээ хэлэлцээр хийх даалгавар өгсөн байх ёстой гэж УИХ-ын Тамгын газар хүссэн. Энэ хүсэлтийн дагуу Засгийн газар хуралдаад Тавантолгой компанийн дийлэнх хувийг эзэмшиж байгаа учраас өөрийнхөө шийдвэрийг гаргаж өгсөн. Ингэснээр дутуу байна гэж үзсэн бичиг баримт бүрдсэн.

-Гэрээнд Монголын талын хүлээх хариуцлага их, хамтарсан консерциумын хүлээх хариуцлага бага байна гэсэн шүүмжлэл гарч байна?

-Гэрээг хүн хараад нэг юм ойлгодог, манай талын хүлээх үүрэг хариуцлага их бичигдээд нөгөө талын үүрэг бага бичигдсэн байна гэж хэмжээгээр нь харьцуулдаг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, консерциум гадны хөрөнгө оруулагч Монголын талын бүх хууль тогтоомжийг бүгдийг мөрдөнө гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр 400 гаруй хууль, 60 гаруй бизнесийн хууль тэр бүгдийг мөрдөнө. Хэдийгээр ганц өгүүлбэр харагдавч тэр бүгдийг мөрдөх зүйлийг бичнэ гэвэл хязгааргүй юм харагдана.

Бид яагаад илүү үүрэг авсан юм шиг бичдэг юм бэ гэвэл байгуулах гэрээ банкин дээр очоод мөнгө босгоно. Мөнгө босгоход тухалсан гэрээгээр Монголын Засгийн газар ямар үүрэг хүлээж вэ гэдгийг банкууд харна уу гэхээс 400 гаруй хуулийг унших гэж суухгүй. Техникийн хувьд пропорцийг нь харахаар манай талынх их юм шиг боловч бүх хууль тогтоомж мөрдөнө гээд бичсэн учраас концепцийн хувьд зөв харж чадвал энэ бүхэн алга болно.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.