Ч.Чимэдбат: Товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэж, зорчигч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу сар шинийн өдрүүдэд хаасан Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагаас нээнэ. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр замын хөдөлгөөнийг нээж байгаа. Цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр 14 мянган тээврийн хэрэгсэл, 40 гаруй мянган иргэн нийслэлийг зорьж ирэх тоон судалгаа гарсан байгаа. Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгал хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болсон байна.

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр үүрэг гүйцэтгэж байна. Улсын хэмжээнд 98 цэгт хяналт, шалгалт хийнэ. Суурийн 62, түр 36 хяналтын постыг ажиллуулж байгаа. Орон нутгийн замд ачаалал нэмэгдээд ирэхээр зам тээврийн осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтын камеруудыг байрлуулсан байгаа. Мөн хяналтын камер болон хурд хэмжигчийг байрлуулсан. Цагдаагийн алба хаагчид өөрсдөө хөдөлгөөнт эргүүлээр хяналт шалгалтаа зохион байгуулаад явна.

-Орон нутгийн тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт хийгдэнэ гэж байсан. Үнэн үү?

-Хөдөлгөөн нээхээр орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг дугаар хязгаарлалт оруулах асуудал яригдаж байгаа. Мөн цасан шуургатай байгаа учраас онцын шаардлагагүй бол орон нутгийн тээврийн хэрэгслүүд нийслэл хот руу хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

-Нийслэлд дугаарын хязгаарлалт хийгдэнэ биз дээ?

-Нийслэл хотод улсын дугаарын хязгаарлалт явагдана. Мөн товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэж, зорчигч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг арга хэмжээг авна. Иймээс товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл дэс дараагаар зогсохгүй ямар нэгэн байдлаар урсгал сөрж, урдуур дайрч, дуут дохио өгөхгүй байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүд бүрэн бус, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

-Хоёрдугаар сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хязгаарлалт тогтоосон. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд осол гэмт хэрэг бүртгэгдсэн үү?

-Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол гэмтэл багассан. Өнгөрсөн жилийн сар шинийн баярыг энэ жилийн сар шинийн баярын өдрүүдтэй харьцуулахад замын тээврийн ослын дуудлага 72 хувиар буурсан. Хүний амь нас хохирсон гэмт хэрэг 40-өөд хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.


Сэтгэгдэл

Зочин [202.131.235.198] 2020-03-03 01:01:27

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.