Д.Нямхүү: Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдэд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АЖИГЛАЛТАД НИЙТ 1,619 ХҮН БАЙГАА БОЛ ТЭДЭНД 22 ИХ ЭМЧ, 49 РЕЗИДЕНТ ЭМЧ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 94 мянган хүн COVID-19 халдварыг шинээр авч, 5,000 гаруй хүн нас баржээ. Өчигдөр ОХУ-д 9,974 хүн шинээр халдвар авсан бол Буриадад 49, Эрхүүд 26 тохиолдол нэмэгдсэн байна.

Харин манай улсын хувьд одоогоор нийт 98 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдөр Турк улсаас 179 иргэн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Тэдгээр хүмүүс нь ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй, эрүүл мэндийн шалтгаантай байсан.

Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголика, Амар, Мичид зэрэг зочид буудалд тусгаарласан.Мөн Алтанбулагийн боомтоор ОХУ-аас 200 гаруй оюутан ирснийг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймаг болон Баян байгаль, Батсүмбэр, Баянхангай амралтад байрлуулсан. Өчигдрийн хувьд шинээр 400 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад нийт 1,619 хүн байгаа бол тэдэнд 22 их эмч, 49 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.14 чиглэлийн орон нутгийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч нар ажиллаж, 3,520 зорчигчид тандалт судалгаа явуулахад сэжигтэй тохиолдол илрээгүй. Шуурхай 119 утсанд 224 цагийн хугацаанд нийт 296 дуудлага ирсэн бол аппликэйшнд найман дуудлага ирсэн байна.

Үүнд АНУ-аас нэг, Швед улсаас нэг хүн холбогдож, зөвлөгөө авсан бөгөөд Швед улсаас холбогдсон манай улсын нэг иргэнд коронавирус илэрсэн байна. Түүний биеийн байдал одоогоор хөнгөн байгаа учир гэрийн тусгаарлалтад байгаа. Ингээд гадаадад байгаа монголчуудаас халдвар авсан нийт 32 хүн байна. Түүнээс 13 нь эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байгаа. Мөн иргэдээс зах, худалдааны төвийн худалдагч нар амны хаалтгүй үйлчилж байгаа гэх мэдээлэл ирлээ. Ингэж болохгүй. Худалдаа үйлчилгээ эрхэлж буй хүн бүр амны хаалтыг заавал зүүх хэрэгтэй бөгөөд гараар оёсон амны хаалтыг 8 цаг тутам, нэг удаагийн амны хаалтыг 2-3 цагийн хугацаанд солих хэрэгтэйг анхааруулж байна” гэлээ.

АЛТАНБУЛАГИЙН БООМТООР ОРЖ ИРСЭН 200 ГАРУЙ ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭГ ЯАРАЛТАЙ ХИЙНЭ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь 25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд дунджаар 20-22 настай байгаа.

Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа.ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тэдэнд 34 эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа. Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 381 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 199 хүнд шинжилгээ хийсний 190 нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэд. Түүнчлэн Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор авсан хоёр сорьц болон Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан таван иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолооч, мөн тусгаарлагдан ажиглагдаж байсан 10 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй. ЗӨСҮТ-ийн лабораторид тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 132 хүнд давтан шинжилгээ шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Түүнчлэн тэрбээр өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 200 гаруй хүний шинжилгээг яаралтай хийнэ" гэв.