Covid-19: АНУ-д 30 мянга, Бразилд 40 мянга шинэ тохиолдол хоногт бүртгэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн 216 улсад бүртгэгдээд буй Covid-19-ийн цар тахал сүүлийн өдрүүдэд маш эрчимтэй дэгдэж байна. Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-д 35 мянга 901 шинэ тохиолдол, харин Бразилд 40 мянга 131 шинэ тохиолдол, Энэтхэгт 15 мянга 612 шинэ тохиолдол тус, тус бүртгэгдсэн нь анхаарал татаж байна.

АНУ-ын хувьд Covid-19 цар тахал эрчимтэй дэгдэж буй орон. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 2.4 сая гаруй, нас барсан хүний тоо 123 мянга гаруй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэсэн хүний тоо 1 саяд хүрчээ. АНУ нь нийтдээ 29.5 сая хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулжээ.

Харин Бразил улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 1 сая 151 мянга 479-д хүрч, 52 мянган хүн нас барж, 613 мянга гаруй хүн эдгэжээ. Тус улс нь нийт 2.5 сая хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан ажээ.

ОХУ-ын хувьд 7425 хүн шинээр халдвар авч, нийт бүртгэгдсэн тохиолдол 599 мянга 705-д хүрсэн байна. Тус улсад нас баралт 8359-д хүрсэн бол эдгэсэн хүний тоо 356 мянга гаруй байна. ОХУ нь нийтдээ 17.5 сая хүнд Covid-19-ийн шинжилгээ хийжээ.

Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар Covid-19 улмаас 478 мянга 903 хүн амиа алдаж, 9 сая 342 мянга 510 хүн халдвар авч, 5 сая хүн эмнэлгийн тусламж авч, эдгэжээ. Одоогоор 3.8 сая хүн эмчлүүлж байгаа бөгөөд 57 мянган хүний биеийн байдал хүнд байна.

Эх сурвалж: 24barimt.mn