БСШУСБХ: Гурван асуудлаар анхны хэлэлцүүлэг явуулав

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаан 10 цаг 30 минутад 55.6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд Байнгын хороооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуралдаандаа хүрэлцэн ирсэн болон ирээгүй гишүүдийг сонгогдсон тойрог, нэрээр нь танилцуулсан. Дараа нь хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд явуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Г.Дамдинням, Д.Сарангэрэл, П.Анужин, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Т.Аубакир нар асуулт асууж, хариулт авав. Б.Энх-Амгалан түүхийн үнэт бүтээлүүд, археологийн олдворуудыг хамгаалалтад авах талаар, Д.Сарангэрэл байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах зан суртахууныг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх талаар, Ч.Ундрам дээд боловсролын чанарын шинэчлэлтэй холбоотой эрх зүйн өөрчлөлтийг хэрхэн хийх, сургуулийн үдийн хоолыг чанартай бүтээгдэхүүнээр бэлтгэх талаар асуулт асууж, гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, газрын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакирын асуусан малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулах эсэх, хувийн дунд сургууль болон их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг заавал урьдчилж төлж байх ёстой юу гэсэн асуултад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ганбаяр хариулахдаа малчдын хүүхдийг гэр цэцэрлэгээр хүмүүжүүлэхээр төсөлд тусгасан. Ийм туршлага бий. Яамны зүгээс нэгдсэн бодлогоор хангана. Гол нь гэр цэцэрлэгт эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх талаас орон нутгийн удирдлагууд идэвхтэй ажиллах ёстой. Сургалтын төлбөрийн тухайд яамнаас уян хатан буюу улирлаар, сараар болон кредитийн зарчмаар төлбөрөө авах чиглэлийг сургуулиудад өгч байна гэлээ.

Үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, П.Анужин, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, санал гаргалаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан Боловсролын хүрээлэнг үндсэн чиг үүргээр нь ажиллуулахын тулд хэвээр нь үлдээх, Ц.Мөнхцэцэг нийт хүүхдийн 10 хувийг ч хамардаггүй кембрижийн сургалтыг өргөжүүлэх зардлыг нэмэхийн оронд суурь боловсролын чанарыг нийтэд нь сайжруулж, тэгш хүртээмжтэй болгох талаар тодорхой санал гаргав.

Үргэлжлүүлэн гишүүн Г.Дамдинням, П.Анужин, Ч.Ундрам нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлан үг хэллээ. Гишүүдийн гаргасан зарчимын зөрүүтэй саналын томъёоллоор санал харуулт явуулж дууссанаар уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтов.

Дараа нь Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй бол Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Дамдинням, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэлээ.

Ийнхүү уг асуудлыг хэлэлцээд Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Төгсгөлд нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй. Хуралдаан даргалагч төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэг заасан Байнгын хороо хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэнэ гэсний дагуу хэлэлцэхээр танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн заалттай холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.