Улс орнууд уур амьсгал хариуцсан “Засгийн газар”-тай бол Монгол бодлогын баримт бичиггүй

Aдмин / Нүүр

Техник технологийн ямар ч ухаантай шийдэл гарч ирлээ гээд хүн төрөлхтөн байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөстөж байна. Харин тэр “аварга” аюулыг үүсгэгч үндсэн шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт гэдгийг ухаарч, ихэнх улс орон бэлтгэл, бэлэн байдлаа базаагаад удлаа. Нэг үгээр бол уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаар мандал тогтворгүй байдалд орж гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч, байгалийн осол гамшиг өмнөхөөс хэд дахин нэмэгдэж байгааг шинжлэх ухаан аль хэдийнэ баталчихаад байгаа юм. Нэг л дэлхий дээр оршиж буйн хувьд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг аваад даруй 10-20 жил болжээ. Бүр 30 гаруй жилийн өмнөөс арга хэмжээ авч эхэлсэн орнууд ч бий. Гэтэл манай улс хор хохирлыг нь адилхан амсаж байгаа хэрнээ сааруулах чиглэлд төдийлөн сайн анхаарсангүй. Ойлголт, мэдлэг ч дутуу дулимаг.

Монгол Улсынх дэлхийн нийтийн хүлэмжийн хийн ялгаралд өчүүхэн буюу 0.09 хувийг эзлэх боловч, нэг хүнд ноогдох нь дэлхийн дунджаас 2.7 дахин их байгаа юм. Мөн газар зүйн байршлын онцлогоор уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй хамгийн эмзэг орны тоонд орж буй учраас анхаарлын гадна орхино гэдэг байж болшгүй үйлдэл. Гэвч бодит нөхцөл байдал дээр манай улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголт, мэдлэг, төрийн бодлого туйлын хангалтгүй байгааг олон ч судалгаа харуулдаг. Үндсэндээ хууль, бодлого, стратеги, төлөвлөлттэй уялдуулж хэрэгжүүлэх эрх зүйн орчин тодорхой бус, ойлгомжгүй. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүрэг бий байгааг мартаж орхисон гэлтэй.

Өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон тооны бодлогын баримт бичгүүдийг салбар бүрд гаргасан боловч тэдгээрийн хэрэгжилтийг үнэлсэн, үнэлгээнд тулгуурлаж санал, дүгнэлт, зөвлөмж гаргасан тайлан, судалгаа маш цөөн. 2011 онд УИХ-аас баталсан Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр 10 жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжээд 2021 онд дууссан. Гэтэл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, түүнээс сургамж авах, цаашид анхаарах асуудлын талаарх тайлан, илтгэл одоогийн байдлаар байхгүй гэдгийг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн хэрэгцээ, шаардлагын тандан судалгааны тайланд дурджээ. Үүгээр зогсохгүй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бие даасан хууль байхгүйгээс нэр томьёонуудыг ч нэгдсэн байдлаар тодорхойлоогүй учраас хууль зүйн хувьд нэршил, агуулгын зөрүүтэй байгааг олон улсын судалгаа анхаарууллаа. Үндэсний хороо зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ганц хоёр байгууллага байгаа ч ажиллах журам, гаргах шийдвэр, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхойгүй. Зарим нь татан буугдсан байх жишээтэй. Үндсэндээ Монголд уур амьсгалын өөрчлөлтийг дагнан хариуцсан мэргэжлийн байгууллага, судалгаа шинжилгээ, эрх зүйн орчин, бодлогын баримт бичиг алга.

Суурь хуульгүйн улмаас бодлогын баримт бичигт оруулсан үйл ажиллагаа, төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэх хуулийн шаардлага байхгүй, хуулийн дагуу албадан хэрэгжүүлэх бололцоо муутай. Өөрөөр хэлбэл, тухайлсан зориулалтын сан, төсөвлөсөн хөрөнгөгүй үлдэж төлөвлөсөн ажлууд санхүүжилтгүй болдог, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дангаар хариуцах үндэсний хэмжээний байгууллага үүсдэггүй. Үүнээс улбаалж улс төрийн дэмжлэггүй орхигдож бусад салбарын яамд, агентлагууд хэрэгжилтийн явцад оролцдоггүй, дэмждэггүй гээд олон сул талтай.

Гэтэл бусад орнууд сайд дарга, эрдэмтэн, экспертүүдээс бүрдсэн гүйцэтгэх засаглалын хэмжээний эрх мэдэл, өргөн цар хүрээтэй бүтэцтэй. Тусгай комисс, салбар хороод ажилладаг. Одоогийн байдлаар 35 орон уур амьсгалын өөрчлөлтийн суурь хуультайгаас 16 нь европын улсууд байна. Тухайлбал, Пакистан уур амьсгалын өөрчлөлт хариуцсан тусгай зөвлөлтэй. Зөвлөлд ихэнх яамны сайд, орон нутгийн амбан сайд нар мөн нэмэлтээр 30 орчим төлөөллийг худалдаа аж үйлдвэрийн тэнхим, төрийн бус байгууллагууд, эрдэмтэд, судлаачид, шинжээчид, боловсролын салбараас оруулдаг. Ингэхдээ албаны дарга болон гишүүд нь тухайн салбартаа дор хаяж 15 жилийн туршлагатай эрдэмтэд, академичид, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид, үйлдвэр эрхлэгчид, хөдөө аж ахуй эрхлэгчид байх бөгөөд Ерөнхий сайд нь томилдог байна.

Их Британи

-2008 онд Их Британи улс Уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг баталснаар энэ чиглэл дэх анхдагч болж улс орнуудын уур амьсгалын чиглэлээр гаргаж мөрдүүлэх хууль эрх зүйн баримт бичгийн суурь болсон. Хуульд зааснаар 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг тус улсын 1990 оны төвшинд хүртэл 100 хувиар бууруулна гэж зорилтоо тодорхойлсон. Нүүрстөрөгчийн ялгаралд төсөвлөх санааг мөн оруулсан. Хуульд хүлэмжийн хийнд зургаан төрлийн хийг нэрлэж оруулснаас гадна Засгийн газрын шийдвэрээр хүлэмжийн хийн ангилалд хамруулах бусад хийг мөн оруулахаар заасан. Нүүрсхүчлийн хийнээс бусад таван төрлийн хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг жишиж хэмжин суурь онуудыг тогтоосон.

Австри

-Австри улс Уур амьсгалын хамгаалалтын хуулиа (Climate protection act) 2011 онд батлан гаргаж өнгөрсөн хугацаанд нэмэлт өөрчлөлтүүд хийсэн. Хуулиар өмнө нь байгаагүй шинэ бүтэц болох Уур амьсгалыг хамгаалах үндэсний хороо (National Climate Protection Committee)-г шинээр байгуулсан. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь нэг хэсэг болж орсон нөгөө талаар уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлэх зохицуулалтууд, авах арга хэмжээнүүд нь чухал салбарууд дээр нарийвчлан тусгасан байна.

Филиппин

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох тал дээр Филиппин улс хууль эрх зүйн зохицуулалтын уламжлал сайтай бөгөөд энэ чиглэлд бүр 90-ээд оны үеэс эхлэн тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн. Улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн хуулиудаас Филиппиний хууль дээгүүр үнэлэгддэг. Хуулийн зорилго нь “Байгалийн хэмнэл, зохицолд нийцсэн эрүүл экологид байх ард нийтийн эрхийг бүрэн хамгаалж, сайжруулах нь төрийн бодлого юм. уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн баг (Panel of Technical Experts)-ийг байгуулах бөгөөд шалгуур орон тоог комисс тогтооно. Уур амьсгалын хуулийг маш олон хүрээг хамарсан хирнээ цомхон, мөн эрх мэдлийг нэг газарт төвлөрүүлээгүй харин тухайн хэсгүүдэд нь эрх мэдлийг шилжүүлэх зарчим баримталжээ.

Йордан

-Уур амьсгалын өөрчлөлтийн тухайлсан хуульгүй харин энэ хүрээнд хийж байгаа алхмууд нь Засгийн газрын бодлого, хөтөлбөрөөр явагддаг. 1999 оноос 2017 оны хооронд нийт 10 төрлийн үндэсний стратеги, төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүд гаргасан байна. Тус улс 2013 онд Ойрх Дорнодын орнуудаас анхлан Уур амьсгалын өөрчлөлтийн 2013 -2020 оны үндэсний бодлогыг (National climate change policy 2013-2020)21 баталсан. Уур амьсгалын чиглэлд Йордан улсын хийх ажлын төлөвлөгөө, авах арга хэмжээнүүдийг оруулаагүй харин энэ чиглэлд оролцож төрийн байгууллагууд, албан тушаалтнууд, хариуцах үүрэг зэргийг илүүтэйгээр тодотгосон.

Герман

-Герман улс Уур амьсгалын өөрчлөлтийн холбооны хууль (Federal Climate Change law) -аа 2019 онд анхлан баталж 2021 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулийн зорилго нь уур амьсгалын үндэсний болон Европын зорилтод хүрэх замаар дэлхийн дулаарлын нөлөөллөөс хамгаалах хамгаалалт бий болгох явдал гэж тодорхойлсон. Хүлэмжийн хийн ангилалд долоон төрлийн хийг нэр болон химийн томьёоны хамт тодорхойлж оруулсан. Уур амьсгалын үндэсний зорилтыг “хүлэмжийн хийн хэмжээг 1990 оны төвшинд хүртэл бууруулна, мөн 2030 гэхэд хүрэх зорилтот хэмжээний 55 хувьд хүргэнэ” гэж тодорхой хугацаа, зорилтот хэмжээ зааж оруулсан.

Пакистан

-Пакистан улс 1994 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, 2005 оноос хойш Киотогийн протоколд нэгдэн орсон. Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний бодлогын (National Climate Change Policy) анхны төслийг Байгаль орчны яамнаас нь 2011 оны дөрөвдүгээр сард гаргаад 2012 онд тус улсын парламент баталж 2013 оноос хэрэгжүүлсэн. Хуулиар ерөнхий сайдаар ахлуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөл (Pakistan climate change council)-ийг байгуулж эрх хэмжээ, үүргийг нь тодорхойлсон. Зөвлөлд бараг ихэнх яамдын сайд нар, орон нутгийн амбан сайд нар мөн нэмэлтээр 30 орчим төлөөллийг худалдаа аж үйлдвэрийн тэнхим, төрийн бус байгууллагууд, эрдэмтэд, судлаачид, шинжээчид, боловсролын салбараас оруулахаар заасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Бид юүг өөрчилж чадах юм бэ? [66.181.160.116] 2023-08-17 15:14:54

Дэлхийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн төлөө бид, 3,5-хан сая монголчууд юу хийж чадах юм бэ? Хоосон савсагнаж агаар шуугиж доргиох хэмжээнд л юм хийнэ. Энэтхэг, пакистан, филпин мэргэжилтэн, тэтгэвэрт гарсан хэдэн цагаан арьстан "шинжээч" л ирнэ биз. Тэгээд тэд семинар хийж, зөвлөмж үлдээхээс өөр юү хийдэг юм бэ? Цаана нь Монголд иймэрхүү санаа санаачилгаар үүсгэсэн өчнөөн төрлийн төслийн нэгж, сан, хөдөлгөөн байна. Тэд юү хийж байгаа юм? Бас л семинар, зөвлөмж, бөөн шинжээч байгаа. Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.