XVI зууны үеийн хөшөө дурсгалыг сүйтгэсэн герман жуулчныг баривчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

Италийн Флоренц хотын “Piazza della Signoria” төв талбай дахь Нептуны усан оргилуур хэмээх XVI зууны үеийн хөшөө дурсгалыг сүйтгэсэн хэрэгт Германы 22 настай жуулчин залууг буруутгаж баривчилсан тухай хотын удирдлага мэдээлжээ.

Хотын захиргааны тооцоолсноор, хөшөө дурсгалд 5000 орчим еврогийн /5400 ам.доллар/ хохирол учирсан байна. Усан оргилуур дээр Ромын тэнгисийн бурхан Нептун хясаа хэлбэртэй морин тэрэг хөлөглөж буйг дүрсэлсэн байдаг.

Герман жуулчин залуу даваа гаргийн өглөөгүүр хөшөөний хамгаалалтын хайсыг давж, хөшөөн дээр зургаа авахуулсан бөгөөд хоёр найз нь хайсны гаднаас зургийг нь авч өгсөн ажээ. “Цагдаа нарын тогтоосноор, жуулчин хоёр найзынхаа хамт явж байхдаа Нептуны усан оргилуурын хайсыг давж, усан сангийн ирмэг дээр авирч гарсан. Дараа нь морины хөл рүү үсрэн авирч, тэрэгний ёроолд хүрч, найзуудаараа зураг авахуулсны дараа доош буусан. Тийнхүү бууж байхдаа хөлөө дахин морины туурайн дээр тавихдаа хөшөөг гэмтээжээ. Дохио дуугарах үед залуу найз нарын хамт хэдийнэ зугтсан байсан” гэж цагдаагийн газрын мэдээлэлд дурджээ.

Жуулчин залууд “соёлын болон ландшафтын үнэт зүйлийг устгах, сүйтгэх, хэлбэр дүрсийг нь алдагдуулах, бохирдуулах, хууль бусаар ашиглахыг” хориглосон эрүүгийн хуулийн дагуу шийтгэл ногдуулах ажээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол торгууль ногдуулж, хот руу нэвтрэхийг нь хориглох болно.

Өмнө нь энэхүү хөшөөн дээр 2005 онд нэгэн хүн авирч Нептуны гарыг хугалж байсан нь хяналтын камер суурилуулахад хүргэсэн байна. Түүнчлэн наймдугаар сард уг хөшөөний ойролцоох Васари коридорын ханан дээр шүршдэг будгаар зураг зурсан үйлдэлд Германы жуулчдыг буруутгаж байжээ. Нептуны усан оргилуурыг 1559 онд Флоренцын гүн Козимо де Медичи өөрийн хүү Франческо болон Австрийн ахайтан Жоанна нарын хуримыг тохиолдуулан барьсан түүхтэй ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.