5Ш АЖИЛЛАГАА: ТӨК-ийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж дуусчээ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд цахим шилжилтийн талаар, өнөөдөр хоёр сая орчим хэрэглэгчид 1263 үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж эхлээд байгаа талаар мэдээлэл өгөв.

E-Mongolia дөрвөн удаа шинэчлэгдсэн бөгөөд цаашид төрийн байгууллагууд нэгдсэн цахим шуудангаар хоорондоо харилцдаг болох, төр иргэн хоорондоо мэдээлэл солилцдог болох, шаардлагатай мэдээллийг иргэн цахим хаягаас татаж авдаг байх, банкны салангид төлбөрийн системүүд хоорондоо солилцдог болох чиглэлд хөгжүүлэлт хийж буй бөгөөд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай сүүлд уялдуулсан нь ч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх давхар зорилготой байсан аж.

Е-Mongolia төслөөс гадна shilen.gov.mn цахим хуудсыг нээж, төрийн байгууллагуудын худалдан авалт, сангуудын зарцуулалтыг ил тод болгож, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагын 970,355 мэдээллийг ил болгожээ.

Зарим мэдээлэл нь жагсаалтын түвшинд, зарим мэдээлэл нь Улсын Их Хуралд нээлттэй сонсголын хэлбэрээр зохион байгуулагдах түвшинд очсон нь тухайн үед нийгмийг бухимдуулсан ч иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашдын алдааг засах, мөн 2023 онд Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих хөрсийг бүрдүүлсэн байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу 2.7 жилийн хугацаанд тус хуульд байнга нээлттэй байхаар заасан 5 чиглэлийн 68 төрлийн мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс”-ийн үнэлгээ хийхэд, мэдээлэл хариуцагч 564 байгууллагын дундаж үзүүлэлт 67 хувьтай гарсан байна.

Энэхүү мэдээлэлд тулгуурлан Засгийн газраас Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд энэ намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.

Энэ төсөл батлагдвал олон улсын байгууллагуудын олон жил Монгол Улсад зөвлөсөн зөвлөмж бодит ажил болж, төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацын зарчмаар ажиллах юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн төсвийн байгууллагын 1511 нь мэдээллээ нээлттэй байршуулсан бол төрийн өмчит 119 компанийн ашиг, алдагдлын мэдээлэл нийтэд ил болжээ.

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Засгийн газраас цахим өгөгдөлд тулгуурлаж, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг хөрөнгө оруулалтын хуультай хамтад нь өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Ерөнхий сайд "Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын өргөн төлөөлөлтэйгээр олон жил үргэлжилж буй энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газрын мега төслүүд амжиж хөдлөх нь суурь тоонуудыг тооцоход нэн чухал" хэмээн хэлэв.

Эрх зүйн дээрх реформыг ирэх хаврын чуулгандаа багтааж хийж чадвал 2025 оны улсын төсвийг их өгөгдөлд үндэслэн төлөвлөх боломж бүрдэх бөгөөд зөөлөн дэд бүтцийн хөгжил рүү чиглүүлэхээр тооцож байгаагаа мөн нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

2028 онд ДНБ-ийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ-ийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай гэв.

Монгол Улс хөгжлийн хурдтай хөл нийлүүлэхийн тулд AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн; ногоон хөгжлийн; хүний нөөцийн гэсэн гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай хэмээн энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулаад, цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг хүссэн юм.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан, Улсын Их Хурлын гишүүн, ХҮНамын төлөөлөл П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний эвслийн төлөөлөл А.Ундраа, Улсын Их Хурлын гишүүн, ИЗННамын төлөөлөл Б.Батбаатар нар үг хэлэв.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл, Б.Батбаатар нар Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Төр данхайж, олон эрх мэдлийг хуримтлуулснаараа авлигын суурь шалтгаан болж буйг Ж.Баярмаа гишүүн хэлсэн бол О.Цогтгэрэл цахимжилт нь төрийн албыг цомхон болгохгүй байгаа шалтгааныг тодруулав. Төрийн жинхэнэ албан хаагч 20 мянга байгаа гэдгийг Н.Учрал сайд хэлээд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдахаар төрийн албан хаагчдын өсөж байгаа тоон мэдээлэл харагддаг гэдгийг тайлбарлав.

Ирэх онд бол БНСУ-ын сайн туршлагад үндэслэн боловсруулсан төрийн албаны шинэчлэлийг Засгийн газраас хийхээр төлөвлөсөн байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Б.Батбаатар гишүүний тодруулсан авлигыг бууруулах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, цахимжилтийн үр нөлөөний талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд хариулт өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайдын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссны дараа баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Уншигч [66.181.179.38] 2024-12-28 15:28:05

Төрийн өмч нэрийн дор ажилд нь хутгалдан бүх зүйлийг нь шийддэг болсон байна.уг нь төр хяналтаа сайн тавьж бизнест нь хутгалдахгүй бие даасан байдлыг нь хангаж өгөөч.хариуцлага гэдгийг мөрдөж цунх баригч нар удирдлаганд нь томилдог тул хэзээч ашигтай ажиллахгүй байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.