Н.Мандуул: Хүүхдүүд эндэж байгаад томчуудын хэнэггүй байдал нөлөөлж байна

Н.Алтанцэцэг / Нүүр

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуултай ярилцлаа.

-Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй байгаа. Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас ямар арга хэмжээг зохион байгуулах вэ?

-Жил бүр уламжлал болгож тэмдэглэн өнгөрүүлдэг байсан баярын арга хэмжээ энэ жил өөрчлөгдсөн. Гэр бүл, хүүхэд залуучуудын газар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж үндсэн хоёр ажил төлөвлөөд байна. Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч телевизүүдээр 11.00-18.00 цагийн хооронд гарах долоон цагийн контентыг бэлтгэн хүргэж байгаа. Энэ контентууд зургаадугаар сарын 1-нд телевизүүдээр гарах юм. Эдгээр контентын агуулга нь хүүхдийн насны онцлогт тохирч байгаагийн зэрэгцээ мөн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх агуулгыг тусгаж өгсөн. Мөн энэ өдөр зарим асрамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг баярлуулж, урамшуулахаас гадна хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах орчинг бүрдүүлэхэд тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг хийж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 250 орны 50-ыг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг байлгах тасагт шилжүүлсэн. Энэ бол асрамж халамжийн төвүүдэд тулгарч байсан хамгийн том асуудлыг шийдсэн хэрэг. Цаашдаа асран хамгаалагчгүй, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэ газарт нэг урсгалаар авч урт хугацаанд байлгах ба хүүхэд бүрийн бэрхшээлд нь тааруулсан үйлчилгээг үзүүлнэ.

-Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах талаар нэлээд сайн ярьдаг. Гэвч бодит байдал дээр хэрэгжилт нь нэлээд сул байдаг. Мөн хүүхдийн тоглоомын талбай болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүүхэд эндэх тохиолдол гарсаар байгаа. Хүүхдийн аюулгүй байдлыг яаж хангах ёстой вэ. Мөрдөх стандарт гэж байна уу?

-Хүүхэд хамгааллын асуудлаар авч хэрэгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол орчны аюулгүй байдал юм. Өнгөрсөн жил хүүхдийн тоглоомын талбайн стандартыг баталсан. Өмнө нь хүүхдийн тоглоомын талбайг хэрхэн тохижуулах, ямар, ямар тоглоом байх ёстой вэ гэдэгт нэгдсэн стандартгүй явж ирсэн. Тоглоомын талбай гэхээр өөртөө таалагдсан тоглоом авч тавиад хашаа татдаг. Үүнийгээ тоглоомын талбай гээд явж байсан. Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Стандарт хэмжил зүйн газраас хүүхдийн тоглоомын талбайн MNS67512019 стандартыг баталсан. Одоо тоглоомын талбай хүлээж авахдаа энэ стандартыг барьж ажиллана. Албан бус, шаардлага хангаагүй зүйлийг таслан зогсооно.

-Батлагдсан стандарт хэр мөрдөгдөж байгаа вэ?

-Нийслэл хотын Стандартын аюулгүй байдлын газрыг шинээр байгуулсан. Энэ газартай хамтарч Нийслэлийн мэргэжлийн хяналт болон манай байгууллага Улаанбаатар хотын хэмжээнд байгаа тоглоомын талбайд үзлэг шалгалтыг хийж байна. Тоглоом нь стандартыг хангаж байна уу, хүүхдийн нас насанд тохирсон тоглоом байна уу гэдгийг шалгаж байгаа. Одоогийн байдлаар 571 тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Стандарттай болсноор бүх тоглоомын газар эзэнтэй болно. Тухайн тоглоомын талбай дээр хүүхэд тоглож байгаад гэмтэж бэртэх, магадгүй амь нас нь эрсдэх тохиолдолд хариуцлагыг тухайн талбайн өмчлөгч өөрөө хүлээнэ. Тухайлбал орон сууцны хорооллын тоглоомын талбай дээр хүүхэд бэртсэн тохиолдолд СӨХ хариуцлага хүлээнэ. Иймээс тоглоомын талбайг жил бүр засварлаж, стандартын шаардлагыг хангуулах ёстой. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд байгаа бүх тоглоомын газрыг камержуулж, шөнийн гэрэлтүүлэгтэй болгоно.

-Нийслэлд стандарт хангаж байгаа тоглоомын талбай байна уу?

-Маш ховор байгаа. Хан-Уул дүүрэгт байрлаж байгаа хэд хэдэн орон сууцны хорооллын дотор байгаа тоглоомын талбайнууд шаардлага хангаж байна. Бусад нь стандарт хангахгүй байгаа гэж хэлэхэд болно.

-Хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүд эндэж байна. Саяхан дөрвөн хүүхэд тоглож байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ямар нэгэн асуудал гарахаар тухайн байгууллагын даргад хариуцлага хүлээлгээд өнгөрч байна?

-Маш харамсалтай хэрэг гарсан. Олон байгууллагын хариуцлагагүй байдлаас болж ийм нөхцөл байдал үүссэн. Гол усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жил бүр Цагдаа, Онцгой байдлын газартай хамтарч зургаадугаар сарын 10-наас есдүгээр сар хүртэл Туул голын эргээр завьтай эргүүлийг хийдэг. Иймээс эцэг эхчүүдэд хүүхдээ хараа хяналтгүй битгий явуулаач гэж олон жил хэлж байгаа. Хүүхдүүд эндэж байгаад томчуудын хэнэггүй байдал их нөлөөлж байна. Одоо амралт зугаалгын үе биш. Дэлхий нийтээрээ онцгой нөхцөлд байгаа энэ үед хүүхдийг гэрт нь байлгах Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэр гарч бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байгаа. Гэтэл хүүхдээ хаана явж байгаа, хаана тоглож байгааг мэдэхгүй байгаа нь маш хариуцлагагүй байдал юм. Хүүхдийг хөгжүүлэх маш их боломж бий. Хүүхдийн байгууллагаас нөлөөллийн арга хэмжээг явуулж байгаа. Тухайн компани зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулж байсан юм бол харуул хамгаалалт байлгах ёстой байсан. Нийслэлээс удаа дараа хяналт шалгалт хийж, шаардлага тавиад байхад биелүүлэхгүй байсан нь буруу.

-Эцэг эхчүүдийн хариуцлагыг яаж дээшлүүлэх вэ . Хүүхдэдээ тавих хараа хяналт их суларсан байдалтай байна?

-Нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх нь онолын хувьд маш хэцүү.Эцэг эхчүүд өөрсдөө хичээх ёстой. Бүх эцэг эхчүүд үр хүүхдээ сайн хүн болоосой гэж боддог. Хүүхэдтэйгээ ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Үүнээс гэр бүлийн дотно харилцаа бий болдог. Гэр бүлийн боловсрол зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр аав, ээж болсноо ойлгохгүй хариуцлагагүй олон хүмүүс байна. Тухайлбал, нөхрийгөө PC тоглоомын газраас хайгаад явж байгаа маш олон эмэгтэй таарсан. Иймээс багаас нь гэр бүлийн боловсролыг эзэмшүүлж, эцэг эх байхын учир шалтгааныг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдээ орхиод явж байгаа зөндөө хүмүүс байна. Хүүхдийн байгууллагад хүүхдээ үлдээж байна гээд яваад өгдөг. Иймээс нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх хэрэгтэй. Ганц хүүхдийн байгууллага энэ асуудлыг яриад тодорхой үр дүн гарахад хэцүү. Тухайлбал Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2015 онд нийт ирж байгаа дуудлага мэдээллийн 27 хувь нь насанд хүрэгсэд байсан бол 70 орчим хувь нь хүүхдүүдээс хүүхдийн эрх зөрчигдөж байна, та нар надад туслаач гэсэн гэсэн дуудлага байсан. Харин одоо нийт дуудлагын 70 хувь нь насанд хүрэгсдийн дуудлага зонхилж байгаа бол 30 хувь нь надад туслаач гэсэн хүүхдийн дуудлага ирж байгаа. Таван жилийн хугацаанд нийгмийн сэтгэлзүйд нэлээд ахиц гарч байна.

-Зөвамьдрахтөрийн бус байгууллагад байгаа хүүхдүүдийн асуудал юу болсон вэ?

-“Зөвамьдрах”төрийн бус байгууллагад очиж байсан. Эцэг,эх,асран хамгаалагчгүй найман хүүхэд байсан. Ер нь хуулиар хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хаана ч байлгаж болохгүй. Эдгээр найман хүүхдүүдээс хоёр хүүхдийг аав ээжтэй нь эргэж нэгтгэсэн. Одоо Чингэлтэй дүүрэгт сайхан амьдарч байна. Энэ жил зургаан хүүхдийг авсан. Эдгээр зургаан хүүхдээс дөрвөн хүүхдийг ар гэртэй нь эргэн нэгтгэсэн. Хүүхдийг нэгтгэхдээ шууд өгөөд орхидоггүй хорооны хамтарсан баг нь хяналт тавьж ажилладаг. Одоо ч энэ ажил хийгдэж байгаа. Эдгээр айлуудад ямар нэгэн асуудал гараагүй байна. Хоёр хүүхдийг Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу “Бадамлянхуй” гэдэг асрамжийн газарт хүлээлгэж өгсөн. “Зөв амьдрах” төрийн бус байгууллагад эцэг, эх, асран хамгаалагчгүй нэг ч хүүхэд байхгүй. Одоогоор энэ төвд 39 хүүхэд байгаа. Эдгээр 39 хараа хяналт тавих эцэг эхчүүдтэйгээ хамт амьдарч байна.

-Нийслэлийн хэмжээнд байгаа асрамжийн төвүүдэд хэчнээн хүүхэд байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд байгаа 28 асрамж халамжийн төвд 867 хүүхэд бий. Асрамж халамжийн төв анх 40 жилийн өмнө байгуулагдаж байсан. Анх бүтэн өнчин хүүхдийг асруулах хамгаалах чиглэлээр “Өнөр бүл” төвийг байгуулж байсан. Ерөнхийдөө бүтэн өнчин хүүхдийг авах зорилготой. Гэтэл одоо байгаа хүүхдийн 63 хувь нь аав ээжтэй хэрнээ хүүхэд асрамжийн төвд амьдарч байгаа. Асрамжийн төв анх байгуулагдаж байсан зорилго, чиглэлээс өөр төвшинд очсон. Эцэг, эх асран хамгаалагчгүй хүүхэд асрах, хамгаалах зорилготой байсан бол аав ээжтэй хүүхдийг асран хамгаалах чиглэл рүү орсон. Сүүлийн жилүүдэд архины хамаарлын асуудал нэмэгдэж байна. Өнгөрсөн жил асрамжийн төв 61 хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Эдгээр хүүхдүүд дээр байнгын хяналт тавьж ажиллаж байгаа.

-Одоо 61 хүүхэд дажгүй байгаа юу?

-Бүгд сайхан амьдарч байгаа. Буцаж асрамжийн төв рүү очсон хүүхэд байхгүй.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:05

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:05

zochin [202.9.40.189] 2020-06-03 03:13:05

Tomchuudin uursdiihun hariutslag shuu dee. ungursun huuhed, hun bolgoniig tur zasagtai holboh buruu baimaar l baih yum

Батдорж [66.181.169.162] 2020-06-02 01:59:58

Ажилдаа сэтгэлтэй, шудрага сайн залуу.

зочин [202.179.24.122] 2020-06-01 05:07:28

Энэ өөрийгөө хамгаалсан нэг арчаагүй ажлаа олигтой хийгээч ниргэсэн хойно нь хашгирав гэгч тийм л сүрхий юм бол урьдчилан сэргийлэх арга авч бай их л чадваргүй нөхөр дөө

Зочин [202.126.90.139] 2020-06-01 03:48:15

Энэ залуу гайгүй ажлаад байгаа

Зочин [202.21.107.68] 2020-06-01 01:22:38

Амьсгаа, ийм цүнхнийхэн л дарга хийгээд, амьдрал мэдэхгүй суганууд, нам дагаж далдаганасан, ажил хийдэггүй хогийн амьтдаас л болж алаг үрс маань ингэж дайн болж байгаа юм шиг өдөр болгон эрсдэж, хүчирхийлэлд өртөж байгаа юм.

bayraa [64.119.19.59] 2020-06-01 00:49:44

teheg gar

Зочин [202.9.46.42] 2020-06-01 00:21:23

Хүүхэд бол хүсээд байх зүйл биш.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.