Шуурхай штаб, шуурхай арга хэмжээний багийг бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Коронавируст халдвар /КОВИД-19/ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штаб зөвлөгөө өгөх, шуурхай хариу арга хэмжээний багийн томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах зорилгоор Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт энэ сарын 23-24-ний өдрүүдэд ажиллаж байна. Тус ажлын хэсэг “Ковид-19” цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, МХЕГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нарын албаны хүмүүс сургалтыг нээлээ. Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран явуулж байгаа уг сургалтад аймгийн ЗДТГ, ОБГ, ЭМГ, Цагдаагийн газар, МХГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын удирдлага, албан хаагч нарын төлөөлөл 70 гаруй хүн оролцож, “Ковид-19” вирусний удирдлагын тогтолцоо, Тохиолдлын удирдлагын тогтолцоо, Журмын төслийн танилцуулга, Эрсдлийн үнэлгээ, Олон эх сурвалжит тандалт, шийдвэр гаргалт, Эрсдлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо, Хавьтлын судалгаа, хавьтлын эрэмбэлэн ангилалт, тусгаарлалт, Халдварын сэргийлэлт, хяналт зэрэг сэдвээр ерөнхий мэдлэг олгож, цагийн байдалд ажиллах танхимын дадлага хийх юм. Сургалтын үр дүнд орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабын гишүүд чадавхижих, шуурхай хариу арга хэмжээний багийг томилгоожуулж, дадлагажих, Шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийн бэлэн байдал дээшлэнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.
Сэтгэгдэл