Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Aдмин / Хууль

Монгол Улсын эдийн засагт 2017-2019 онд сэргэлт бий болж тогтворжсон хэдий ч, коронавируст цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээний нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, иргэдийн амьжиргаанд сөрөг үр дагавар нь мэдрэгдсэн. Энэ үед Монголбанк эдийн засгийн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэхээр мөнгөний бодлого, макро зохистой бодлого, микро зохистой бодлогын багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Цаашид Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэрэгслээ ашиглаж, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сорилтыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорин холбогдох эрх бүхий байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа гэв.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг 2021-2023 онд +1-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ макро зохистой бодлогыг цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байх үүднээс мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх юм байна. Өмнөх жилүүдэд мөчлөг сөрсөн бодлогоор хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг сааруулж, банкны балансын долларжилтыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүндрэлийн үед үүсэж болзошгүй байсан эрсдэлийг хязгаарлаж байгаа аж. Санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд, коронавируст цар тахлын эдийн засгийн хүндрэлийн үед мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, хяналт шалгалтын болон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчны шинэтгэлийг үргэлжлүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм байна.

Цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхойгүй байгаа хэдий ч 2021 онд Монголбанкны хяналт шалгалтын бодлого хүндрэлийг хохирол багатай даван туулж, санхүүгийн зуучлалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийн хувилбаруудыг боловсруулж хэрэгжүүлэх; түр хугацааны мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээнүүдээс аажмаар гарах төлөвлөгөөг боловсруулахад чиглэх юм байна. Үүний зэрэгцээ, банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлт болон хяналт шалгалтын хүрээнд тавигддаг шаардлагуудыг Базелийн цуврал стандарттай нийцүүлэн шат дараатай нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх суурь шилжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх аж. Мөн бие даасан 10 гаруй хуулийг багтаасан “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг арилган уялдаа холбоог сайжруулснаар санхүүгийн зах зээл илүү үр ашиггай ажиллах, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд технологийн дэвшил нэвтэрч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох орчныг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэх ач холбогдолтой хэмээн тооцжээ.

Төв банк санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжихийн зэрэгцээ Улсын Их Хурлаас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулах, Банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна.

Цаашид коронавируст цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглүүлнэ гэдгийг төслийг өргөн барих үеэрээ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

БУРУУ ЦОЛМОН [103.10.23.68] 2020-09-26 05:29:36

ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН ҮГЭЭР АЖИЛ ХИЙЖ ТЭДНЭЭС АРААНДААН МӨНГӨ ЗУУЖ АМЬДАРДАГ ЗОЛИВОН НОХОД МОНГОЛЫН ТӨРД ҮҮРЛЭЖ БАЙГАА ЦАГТ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЗОВСООР БАЙХ БОЛНО

Зочин [150.129.140.12] 2020-09-25 23:30:53

МАН-ы хулгайчид л мөнгөтэй бусад нь ажил бизнесээ хаалга биздээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.