Дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг томилов

Aдмин / Улстөр

Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.06) нэгдсэн хуралдаан 9 цаг 03 минутад эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Байнгын хорооны саналаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувь нь дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн төсөл нь Улсын Их Хурлын нийт гишүүний 39 буюу түүнээс дээш гишүүд дэмжсэнээр эцэслэн батлагдах шинэ зохицуулалттай.

Энэ үндсэн дээр өчигдрийн нэгдсэн хуралдаанаас төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 39 нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 40 нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав.

Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна." гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсныг Улсын Их Хурал 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсний дагуу уг хуулийг төслийг боловсруулсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.