Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн шийдвэрлэв

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов.

“Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр баталсан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолыг хоёрдугаар хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хориг тавьсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар 1 дэх хэсгийн 1-т заасан эрхийнхээ хүрээнд дээрх хоригийг тавьсан болохыг Ө.Шижир дарга танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байдаг Үндсэн хуулийн цэцийг байгуулах, гишүүдийг нь томилж, чөлөөлөх асуудалд хууль тогтоомжийн дагуу хандах нь зүйтэй гэдгийг хэлж байв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасан байдаг. Энэхүү заалтыг эрх бүхий байгууллага хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэр зааж, эгүүлэн татах саналаа Улсын Их Хуралд тавихаас биш, Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль зөрчсөн тул санал болгож, томилуулсан хүмүүсийнхээ аль нэгийг эгүүлэн татья гэх байдлаар санал тавих боломжгүй гэж үзсэнийг тэрбээр танилцуулгадаа дурдлаа.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг санал болгох болон томилуулах бүрэн эрхийг тогтоосон Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг дээрхийн адил хэрэгжих ёстой гээд “Бүрэн эрхийн хугацаа дууссан гишүүдийн аль нэгийнх нь оронд томилоорой” гэдэг саналаар асуудлыг шийдэх нь хуульт ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа аж.

Дамдинсүрэнгийн Солонго, Шарын Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Монгол Улсын Их Хурал 2013 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоороо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүд нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн аливаа зөрчил, маргаангүйгээр байгуулах нь талуудын хүлээсэн үүрэг гэдгийг онцолж байв.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр уг асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцсэн болохыг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтдээ дурджээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлаарх Улсын Их Хурлын шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоол нь төрийн эрх мэдлийн тэнцлийг алдагдуулж, шүүх эрх мэдлийн хараат бус байдалд нөлөөлж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Байнгын хороогоор хэлэлцээгүй тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан нь хууль зөрчсөн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нараас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хийсэн улс төрийн шийдвэр гэж харж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийддэг бөгөөд томилох асуудал дэмжигдсэн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцдэг жишигтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсөн Улсын Их Хурлын шийдвэр нь цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай давхцсан нь тус шийдвэрийг улс төрийн шинжтэй харагдуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хоригийг хүлээн авсан тохиолдолд Үндсэн хуулийн цэц 10 гишүүнтэй болж, Улсын Их Хурлын шийдвэр нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч албан тушаалтныг томилж, чөлөөлсөн Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавьсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа талаар санал хэлсэн байна. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 81.8 хувь нь “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн талаарх санал, дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаарх танилцуулга болон энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, Ц.Туваан, М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, хариулт авлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай энэ удаагийн шийдвэрийг эрх мэдлийн төлөөх тэмцэл мэтээр харагдуулах сонирхол талуудад байгаа ч үнэндээ Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдсан зүйл огт байхгүй гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн хэлсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хяналт-тэнцлийг зөв хуваарилалт, зохистой байрлалд оруулахад чиглэсэн бүхнийг Ерөнхийлөгчийг шахалтад оруулаад байгаа мэтээр тайлбарлаж, ийм харагдуулахыг оролдоод байгаа гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлсэн. Монголын ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн мөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг “булаах” гэж тайлбарлаад байгаа шиг зүйл огт байхгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг бөгөөд сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага болох Улсын Их Хурлаараа уламжлан энэхүү эрхээ эдэлдэг гэдгийг онцлон тайлбарласан юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгүүд урьд өмнөх жишгийн дагуу явагдсан гэдэг хариултыг С.Бямбацогт гишүүн өгөв. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг зөрчөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад 1.4 жил өнгөрсөн, энэ хугацаанд Улсын Их Хурал санал болгосон байгууллага руу удаа дараа шаардлага хүргүүлж байсныг хэлж байв.

Ийнхүү асуулт, хариултын дараа “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т “Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар нэг удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно” гэж байдаг. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийг үг хэлэх, асуулт асуух, байр сууриа илэрхийлэх боломжийг нь олгох үүднээс энэхүү асуудлыг хэлэлцэх хуралдаануудыг танхимаар явуулах саналыг би гаргасан. Хуралдаан танхимаар явагдах тохиолдолд Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх, мөн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байх хуулийн зохицуулалттай гэлээ. Ингээд тэрбээр, нэгдсэн хуралдаан таван танхимд болох үед төхөөрөмжөөр санал хураалт явуулах боломжгүй байдаг тул гар өргөж явуулах горимын санал гаргав. Энэхүү горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Иймд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээх Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжлээ.

Ингэснээр “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулав.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, З.Нарантуяа, Л.Элдэв-Очир нарын 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны аравдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Ажлын хэсэг хуулийн төслүүдийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 79 саналын томьёолол, найруулгын 1 саналын томьёоллыг боловсруулжээ. Төслүүд нь Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулсан хуулийн бүтэц, хэлбэр, эх бичвэрт тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй, нэр томьёо тодорхойгүй, олон утгатай давхардал ихтэй, зүйл заалтууд нь хоорондоо болон бусад хуультай уялдаа муутай, зөрчилтэй байсан нь дээрх хэмжээний зарчмын зөрүүтэй санал боловсруулах үндэслэл болжээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж болон хоршоог амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын шилдэг туршлагад тулгуурлан, хуульд хэрэглэсэн нэр томьёо болон хоршоо үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарчмыг анх удаа тодорхойлсон. Иргэний хуулийн 33.2-т хоршоог ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөл байхаар зохицуулсан нь олон улсын жишигт илүү нийцсэн гэж ажлын хэсэг үзэж, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас боловсруулсан хоршооны талаарх концепцыг тулгуур болгон төслийн боловсруулалтыг гүйцэтгэсэн гэв.

Хоршооны гишүүний эрх үүрэг, бүртгэл, элсэлт, оруулсан хувь хөрөнгө, өв залгамжлал, түүний бүрэн эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг “Хоршооны гишүүн” гэсэн шинэ бүлэг болгон зохицуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэхүү хуулийн төслөөр хоршоо анх удаа хуулийн этгээдийнхээ хувьд эрх, үүрэг, хариуцлагатай болж, гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд гишүүдийнхээ өмнө үүрэг хүлээхээр тусгасан байна. 

Хоршооны талаарх төрийн, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрхийг шинээр томьёолон, төсөлд тусгаснаар хоршоогоор дамжуулан түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын кластер сүлжээг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хоршооны хөгжлийн үнэлгээг хоёр жил тутам хийж, нэгдсэн удирдлага, мэдээллээр хангах замаар хоршооллын хөдөлгөөнийг хоршоодын холбоо болон хоршооллын нэгдсэн холбоогоор дамжуулан дэмжихийг зорьсон болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Хуулийн төслийн хоршооны хөрөнгө гэсэн зүйлийг “Хоршооны хөрөнгө, эх үүсвэр” гэсэн шинэ бүлэг болгон өөрчлөн найруулж, хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд Иргэний хуульд тодорхойлсон өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байх болгомжийг нээж, хоршоог өөрийн хөрөнгөтэй байх нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг төсөл тусгажээ. Ингэснээр, хоршоо нь арилжааны банк болон бусад зээлдэгчдээс зээл авах эрх зүйн үндсийг илүү тодорхой болгосон гэв.

Хоршоо гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангахад сайн дураараа нэгдсэн, хамтын удирдпага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоршоо энэхүү хамтын удирдлагаа амжилттай хэрэгжүүлэхэд үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Бусад хуулийн этгээдийн адил хоршооны дундын эд хөрөнгийг оновчтой удирдах шаардлагатай ч хоршоонд үүсэх аливаа эрсдэлийг хоршооны гишүүн хувийн эд хөрөнгөөрөө нөхөх хариуцлага хүлээж байдаг нь бусад хуулийн этгээдээс ялгарах онцлогтойг Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтэд онцолжээ.

Түүнчлэн, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хоршоо гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд “зуучлан борлуулсан” бол “дамжуулан борлуулсанд” тооцохгүй байхаар зохицуулалт нэмж оруулсан нь хоршооны татвар ногдох орлогыг илүү тодорхой болгоод зогсохгүй, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжлийг дэмжинэ гэж үзжээ.

“Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ажлын хэсгийн зүгээс боловсруулсан байна.

С.Чинзориг гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Жавхлан, Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авснаар Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.67] 2021-04-10 04:37:50

Мууууууу хүүрнүүүүүүүд


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.