М.Оюунчимэг: Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг бууруулах нь зүйтэй

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин болон нэр бүхий гишүүдээс ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг тус бүр 8.5 хувь болгон бууруулах талаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд 2021 оны 05 дагуур сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын хороо хэлэлцэж үзэл баримтлалын дэмжиж, нэгдсэн чуулганы хуралдаанд оруулсан. Өнөөдөр/2021.05.13/-ны өдөр Нэгдсэн чуулганы хуралдаанаар тухай хуулийн төслийг хэлэлцэж үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Хууль санаачлагчид Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол улс 2017 оноос хамрагдаж, энэхүү тохиролцооны хүрээнд зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх үүрэг авч, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар өсгөн хуульчилсан нь нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, Нийгмийн даатгалын санд ачаалал үзүүлэхгүй байх ач холбогдолтой шийдвэр байсан ч цар тахлын үед аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн ашиг орлого нь буурч, татварын ачаалал үүсгэж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах саналыг төсөлд тусган боловсруулжээ.

Хуулийн төсөлд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувь болгон бууруулахаар тусгасан бөгөөд хуульд энэхүү өөрчлөлтийг оруулснаар иргэд, аж ахуйн нэгжид үүсэх дарамт багасаж, ажлын байраа хадгалах, цаашид нэмэгдүүлэх боломж бий болно гэж үзжээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн төсөлд заасан хувь хэмжээгээр бууруулснаар нийгмийн даатгалын санд улсын төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр урьдчилсан тооцоолол хийгдсэн ч цар тахлын онцгой нөхцөл байдалд ард түмний эрх ашгийн төлөө дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн бөгөөд эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотой байгааг төслийн үзэл баримтлалд дурджээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг тус бүр 8.5 хувь болгох бууруулах нь зүйтэй бөгөөд цаашид ахмадуудад хангалттай хэмжээний тэтгэвэр олгохын тулд урт хугацаанд тэтгэврийн сангийн санхүүгийн найдвартай, тогтвортой байдлыг баталгаажуулах нь чухал бөгөөд үүний тулд шимтгэлийн хувь хэмжээ, нас, тэтгэвэр бодох аргачлал зэрэг тэтгэврийн параметрүүдийг тогтолцооны шинэчлэлийн хүрээнд цогцоор нь авч үзэх нь зүйтэй иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх чиглэлийг өгсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.70.41.114] 2021-05-13 07:36:05

Сайн дураараа нийгмийн даатгал төлдөг хүмүүсийнхийг багасгах хэрэгтэй...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.