“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт

Aдмин / Улстөр

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан огцорлоо. Монгол даяар мэдэж байгаа юм ердөө л энэ. Урьд өдөр нь хэдэн шоронгийн дарга гарч ирээд сайдаа хэлэх хэлэхгүй үгээр муулсан. Тэр даргалж байгаа нь зүүн аймгийн генерал хүн юм байна. Нөхөр баригадын генерал хэлэхдээ ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани $4 саяын төлбөртэй байна. Өөр нэг сайдын компани ₮53 тэрбумын материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байна. Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэсэн боловч манай сайд “Чам мууг байранд чинь тавина аа, ажлыг чинь авна аа” гэдэг. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэсний төлөө янз бүрийн доромж үгээр хэлүүлэх үнэхээр зохимжгүй байна. Би хэн нэгэн сайдад хууль бус үүргийг нь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй гэхийг бүгд харж сонссон. ХЗДХ-ийн сайд дөрвөн сая ам.долларын өртэй юм байна. Нөгөө “өөр нэг сайд” гээд байгаа нь Н.Номтойбаярын “МАК” компани мөн гэж сошиалаар бичицгээж байна. Манай бүх ажил сошиалаар явдаг болсон тул тийм л юм байх гэж бодохоос. Сайдаа огцруулахаа хүртэл жиргэж,постолж мэдэгддэг цахим засагтай улс даа, бид. Эрхбиш тушаал шийдвэр нь тамга тэмдэгтэй цаасан дээр бууж албажих байгаа л гэж найдахаас. Дөрвөн сая ам.долларын өртэй, түүнийгээ нэхсэн хүнийг “хяргачих” гээд байгаа тул С.Амарсайханыг огцруулж. Энэ нь ч зөв гэж бодъё. Одоо араас нь Н.Номтойбаяр хэрэв мөн бол 53 тэрбумын өртэй учраас бас явах байх даа. Ямар ч байсан тэр 53 тэрбумтай сайд мэдээж явна.14 гаруй тэрбумын өртэй сайд явж байхад 53 тэрбумын сайд бол гурав дахин огцрох биз. Харин одоо хүртэл огцроогүй л байх шиг байх юм. Сошиалаар огцруулчихсан ч байж мэднэ, бид хараагүй байж мэдэх юм даа. Яг энэ 53 тэрбумтай сайдаас эхлээд л С.Амарсайханы огцролт ч гэдэг юм уу огцруулалт ойлгомжгүй болоод ирж байгаа юм. Яагаад энэ сайд огцорчихов оо. Тэр хэдэн хүмүүсийн хэлснээр огцруулсан бол хоёр сайд огцормоор юм. Огцорч, хурлаас хөөгдөж гараад сурчихсан юм, тэгэхлээр гайгүй биз гээгүй л бол. Саяны болж өнгөрсөн үйл явдлын оролцогчдын хэн хэнийх нь үгэнд итгэлтгүй, олон түмэн ийм юм үзэхээрээ болсон. Худал байдаг юм, даваадуулсан байдаг, зорилго чиглэлтэй байдаг. Дээр нь зах зээлийн нийгэмд өргүй, зээлгүй компани гэж байдаггүй юм. Цувруулаад өгч л байдаг, дахиад зээлж л байдаг хорвоо. Хэдэн шоронгийн хоригдол бэлэн байдалд ороод яах ч юм,нэг удган төр эргүүллээ юу. Нэг нэр дэвшихээр горилогч төр самарлаа юу, энэ бүгд зүгээр л тоглоом, үгийн наадгай. Засгаас нэг сайд гаргаж “хий гаргаж” байгаа юм болов уу. Гуч гучин наймын бүлгийн наймаа юм болов уу. Гучийн бүлгийг “амьтан” болгож байна гэсэн үзүүлэн тоглолт уу.С.Амарсайхан нөгөө алдарт гучийн бүлгийнх л дээ. Зүгээр л хэн нэгэн хүч чадлаа алдаагүй байгаа шүү гэдгээ харуулах тоглоом уу. Л.Оюун-Эрдэнийг огцруулах үйл ажиллагаа ч яг жинхэнэдээ бас ийм ойлгомжгүй л байсан. Таван толгойн ордыг булаацалдлаа л гэсэн. Хотын дарга асан Х.Нямбаатарыг ч бас ойлгомжгүй шалтгаанаар огцруулсан. “Мах үнэд орлоо” ч гэх шиг. Сая ч бас нэг уурхай л яригдаад байна. Монгол Улс ер нь юу болчхоод байгаа юм бол. Нөгөө Оросын кинон дээр гардаг шиг мөнгөний төлөө улсаа зарахаас сийхгүй болчхоод байна уу. “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” гэдэг болоод байна уу. Улс орноо бодож байгаа хүн МАН-д байна уу. Байгаа дээрээ баяжиж авъя гэсэн хүмүүсээр дүүрсэн үү. Эд хөрөнгөө л булаацалдаж бие биеэ огцруулж байгаа болохоос шударга ёс мос ажил хийж чадахгүй байгаа гэх зэрэг бол ёстой лөөлөө шүү.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Д.НАЦАГ


Сэтгэгдэл

Zochin [192.82.65.111] 2026-09-17 11:30:31

Chamd ymar hamaa bnaa, teneg uuriin bodloo bichij baihaar notolgootoi chaddag zaluu hynd ajlaa uguuch Natsagaa!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.