Өнгөрсөн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн 110 алба хаагч үүрэг гүйцэтгэж явахдаа амиа алджээ

Aдмин / Нүүр

“Бид мартахгүй” хөшөөний нээлт, цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх “Бид мартахгүй” хөшөөний нээлт, цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Арван тавны цагдаагаас улбаатай Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдынхаа санаачилгаар олон төрлийн ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлсний нэг нь “Бид мартахгүй” хөшөөг бүтээх ажил байлаа.

Энэхүү хөшөө нь улс эх орон, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө “… шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэнэ” хэмээн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, баатарлагаар амь эрсэдсэн эгэл баатруудынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор бүтээгдсэн билээ.

Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өөрийн сэтгэл зүрхээ зориулан, албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар алтан амиа өргөсөн 39, төр, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өөрийн амь насаа зориулсан 71 алба хаагч байна.

“Бид мартахгүй” хөшөөг бүтээхэд өөрийн мэдлэг, ур ухаан, авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулсан Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, барималч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ж.Дүүрэнтөгс болон бусад урчуудынхаа цаашдынх нь уран бүтээл, ажил үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн эгэл баатруудаа үүрд дурсан санах болно гэдгээ та бүхэнд илэрхийлье.

Тангаргийн хуудсанд гарын чинь үсэг тод

Та нарын мөр жагсаал дундаа мөнх” хэмээв.

Түүхт ойн хүрээнд бүтээж буй “Бид мартахгүй” хөшөөний харагдах байдал нь тэнгэр өөдөө цойлсон шонхор шувуун дүрс бүхий хананд Монгол цагдаагийн ёсолж буй дүрийг бүтээсэн нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэм нандин үүргээ гүйцэтгэж яваад хань ижил, үр хүүхэд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээж, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлж, хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг бэлгэднэ.

Ёсолж буй цагдаагийн алба хаагчийн дүрсийг 3 давхар болгож харагдуулснаар “Тэр” гэсэн санааг “Тэд” гэж, эх орон, ард түмнийхээ төлөө залуу нас, амь биеэ үл хайхран зүтгэсэн эрэлхэг алба хаагчид минь олуулаа юм шүү гэдэг илэрхийлэл билээ.

Түмэн олныхоо амар тайван амьдралын төлөө алтан амиа өргөсөн эгэл баатруудынхаа үйлсийг үргэлжлүүлэх үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэх, эх орныхоо гал цогтой ирээдүй болон хүмүүжихээ илэрхийлэн зогсож байгаа утга санааг 2 хүүхдийн дүрслэл илэрхийлж байгаа юм.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо төлөө алтан амиа өргөж сэтгэлд мөнхөрсөн эрсийнхээ гэгээн дурсгалыг нэхэн санаж, хүндэтгэн мөргөе.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.