Японы хүн амын 50 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагджээ
ТОКИО. /Nikkei/. "Японы хүн амын 50 гаруй хувь нь “COVID-19”-ийн вакцины хоёр тунд бүрэн хамрагдаад байна. Үүнээс үзэхэд вакцинжуулалтын үзүүлэлт ойрын хугацаанд Европын томоохон эдийн засагтай орнуудынхтай ижил түвшинд хүрэх төлөвтэй байна" гэж тус улсын Цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши мэдэгджээ.
“Вакцинжуулалтын түвшин одоогийн эрчээрээ нэмэгдсэн хэвээр байвал энэ сарын эцэс гэхэд хүн амын 60 хувь нь вакцинд бүрэн хамрагдана” гэж Н.Ясүтоши өнөөдөр мэдээлсэн байна. Япон эхэндээ вакцинжуулалтын түвшнээрээ бусад томоохон эдийн засагтай орнуудаасаа хол хоцорч байсан боловч сүүлийн саруудад хурдацтай өсөлт үзүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар, АНУ-ын хүн амын 53 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа бол Сингапурын иргэдийн 80 гаруй хувь нь хоёр тунг бүрэн тариулаад байна. Японы Засгийн газрын хувьд 11 дүгээр сарын эхэн үе гэхэд вакцин хийлгэх насанд хүрсэн, дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй бүх хүнийг вакциднд бүрэн хамруулах зорилт тавиад буй юм.
“COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сараас эхлүүлсэн тус улсад эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг, дөрөвдүгээр сараас 65 болон түүнээс дээш насныхныг вакцинжуулсан юм. Хожим нь 65-аас доош насныхан вакцинжуулалтын цэгт болон ажил дээрээ вакцин хийлгэх боломжтой болжээ.
Н.Ясүтошигийн мэдээлснээр, вакцинжуулалтын түвшин 80 хувьд хүрвэл “COVID-19” халдварын үзүүлэлтүүдэд илэрхий өөрчлөлт ажиглагдаж эхэлнэ. Японд сүүлийн үед “Дельта” хувилбарын тархалтын улмаас халдварын тохиолдлын тоо өсөж, эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан эрх баригчид Токио хот болон 18 мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийг даваа гаргаас сунгахаар шийдвэрлээд байгаа юм. Мөн Засгийн газар 11 дүгээр сараас буюу хүн амын дийлэнх хувь нь вакцинд хамрагдах үеэс эхлэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах төлөвлөгөөг танилцуулаад байна.
www.montsame.mn
Сэтгэгдэл