Үндэсний үйлдвэрлэгчид 214.5 сая төгрөгийн борлуулалт хийв
Үндэсний үйлдвэрлэгч, хөдөө аж ахуй эрхлэгчид хөдөлмөрийн үр шим, бүтээсэн баялгаа дэлгэдэг “Намрын ногоон өдрүүд-2021” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Цар тахлын улмаас эдийн засаг хямарч, өрхийн орлого сайнгүй байгаа ч үндэсний үйлвэрлэлээ дэмжихээр ирсэн хүмүүсийн хөлд Төв цэнгэлдэх хүрээлэн дарагджээ. Энэ жил “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” арга хэмжээ энэ сарын 16-23-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ өдөр бүр үндэсний үйлдвэрлэлийн салбар салбарын арга хэмжээ зохион байгуулах юм. Үүнээс хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өдөрлөгөөс онцлох бүтээгдэхүүнүүдийг хүргэж байна.
ИМПОРТЫН ТОСЫГ ОРЛОХ “ОРГИХ” РАПСЫН ТОС БОРЛУУЛАГДАЖ БАЙНА
“Намрын ногоон өдрүүд-2021” арга хэмжээнд 400 гаруй аж ахуйн нэгж, хоршоо орон нутгаас ирж оролцож байна. Тухайлбал, Төв аймгийн Борнуур, Увс аймгийн Улаангомын хоршоод шинэ ургацын ногоогоо борлуулж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчид Монголдоо эрүүл, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлжээ. Тухайлбал, өдөр тутмын хоол, хүнсэндээ хэрэглэдэг импортын ургамлын тосыг орлох Сэлэнгэ аймгийн Баруунхараа дахь “Mindtech” компанийн “Оргих” брэндийн рапсын тос борлуулагдаж байна. Энэ нь монгол хөрсөнд ургасан рапсын тосноос гаргаж авсан тос юм. Рапс нь Омега 3, 6 агуулдаг, ханасан тосны агууламж багатай, амт, үнэргүй гэдгээрээ онцлогтой аж.
МОНГОЛ ХОНИНЫ НООСООР БИО БОРДОО БҮТЭЭЖЭЭ
Мөн өнөөдрийн арга хэмжээнд ирсэн онцлох бүтээгдэхүүн нь хонины ноосноос гаргаж авсан “Монпеллест” компанийн био бордоо байв. “Монпеллест” компани нь 2014 онд байгуулагдсан. ХБНГУ-ын Хумболдын их сургуулийн судалгааны үр дүнд хонины ноосоор бордоо гаргаж авчээ. Энэ бордоо нь Европын холбооны улс болон ХБНГУ-ын чанарын стандартыг дээд зэргээр хангасан. Цэвэр 100 хувь хонины ноосоор хуурай технологиор хийдэг байна. Нэмэлт бүтээгдэхүүн ороогүй. Өндөр температурт хонины ноосыг сэмлэж тусгай үйлдвэрийн машинаар эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог герман технологи юм. Мөн монгол хонь бэлчээрийн мал учраас илүү чанарлаг байдаг. Хонины ноос нь азот, калийн агууламжаар баялаг. Энэ хоёр бодис нь ургамал болон хөрсөнд сайн нөлөөтэй учраас ургалт, хөрсийг сайн сийрэгжүүлдэг гэж байлаа. Хонины ноосоор хийсэн био бордоо нь 10 сарын хугацаанд хөрсөнд бүрэн задарч ургамалд хэрэгтэй шимт бодисоо ялгаруулдаг аж. Бордооны үйлдвэр Төв аймгийн Эрдэнэ суманд байрладаг. Бордооны түүхий эд болох хонины ноосоо малчдаас худалдаж авдаг юм байна.
ЖДҮ-ИЙНХЭН УРТ ХУГАЦААТАЙ, БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж Монгол Улсын Засгийн газрын болон гадаадын санхүүжилттэй олон төсөл хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгчээ. Мөн урт хугацаатай, бага хүүтэй хөнгөлөлттэй зээлээс ч аж ахуйн нэгжүүд авах боломж байна. Энэ талаар ЖДҮ-г хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн зохицуулагч Ж.Түвшинтөгс “ЖАЙКА-аас Монгол Улсын Засгийн газарт хөнгөлөлттэй зээл олгож үүнийг Засгийн газраас арилжааны банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгодог. Манай төслийн нэгдүгээр үе шат 2006-2010 онд хэрэгжсэн. 2011-2015 онд хоёрдугаар үе шатны хэрэгжилт явагдаад энэ хүрээнд олгосон зээлийн эргэн төлөлтөөр одоо дахин зээл олгоод явж байна. Төслийн онцлог нь банкаар дамждаг, урт хугацаатай, бага хүүтэй. Тухайлбал, 10 жилийн хугацаанд зээлийн дарамтгүй зээлээ төлөх боломжтой. Жилийн долоон хувийн хүүтэй. Төслийн зээлд хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд өөрсдийн харилцдаг арилжааны банкинд төслөө бичээд хүсэлт гаргана. Банкны шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох боломжтой. Одоогийн байдлаар 900 гаруй аж ахуйн нэгж хамрагдаж зээл авсан. Үүнээс харвал 60 гаруй хувь нь боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгж хамрагдсан байна. “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд төслийн зээлд хамрагдсан хэд хэдэн аж ахуйн нэгж оролцож байгаа” гэв. Төслийн зээлд хамрагдах аж ахуйн нэгжид хоёр шаардлагыг тавих юм байна. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэгч мөн байх, төслийн санаа нь амжилттай хэрэгжих боломжтой байх шаардлагыг тавьж байгаа аж.
"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД"-ЭЭР 214.5 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ арга хэмжээ нээлтээ хийснээс хойш 214.5 төгрөгийн борлуулалт хийжээ. Тухайлбал, энэ сарын 16-нд буюу эхний өдрөө 24.5 сая, хоёр дахь өдөр 79 сая, гурав дахь өдөр буюу 18-нд 111 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. “Намрын ногоон өдрүүд-2021” арга хэмжээ зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ажээ. Арга хэмжээ газар тариалангийн салбарын өдөрлөг, хамтын ажиллагааны уулзалт, “Алсыг харъя, Органикийг сонгоё” өдөрлөгөөр ирэх долоо хоногийн пүрэв гараг хүртэл үргэлжилнэ.
Б.БЯМБАЖАРГАЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл
АААouslhpg [178.158.70.35] 2021-11-02 07:47:05
Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)