Инфографик: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.
Хуулийн Засгийн газрын тусгай сангийн төрөлд Хүүхдийн төлөө санг нэмэв. Сангийн хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө, автомашины сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого болон хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлогоос тус тус бүрдэнэ.
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад Хүүхдийн төлөө сангийн эх үүсвэрийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх асуудалд болон хүүхдийг хамгаалах, тэдний оролцоог сайжруулах, өргөжүүлэх асуудалд мөн зарцуулах нь зүйтэй гэж үзэн төсөлд нэмж тусган батлав.
Улсын Их Хурлын Тамгын газар
Сэтгэгдэл