Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Эдгээр асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хороо, Хүний хөгжлийн хороо, Засаглал эрхзүйн шинэтгэлийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болоод намын бүлэг тус бүрээр нарийвчлан хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасан юм. Санал дүгнэлтийг намын бүлгийн болон хороодын дарга нар уншиж танилцуулан, нийт төлөөлөгчдөөр хэлэлцүүлж, санал тус бүрээр санал хураалаа.
Үндсэн долоон бүлэг, 22 тэргүүлэх зорилт бүхий “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн баталлаа. Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг урьд өмнө боловсруулж байгаагүй бөгөөд энэ жил анх удаа боловсруулан батлуулж байгаагаараа онцлог юм.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн Нийслэлийн ИТХ-ын тогтоол гарч, 2022 оны төсвийг баталлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн 482 тэрбум 43 сая 798.6 мянган төгрөг, үүнээс татварын орлого 263 тэрбум 102 сая 700 мянган төгрөг, татварын бус орлого 218 тэрбум 941 сая 98.6 мянган төгрөг байхаар батлав. Мөн Нийслэлийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг байгууллага тус бүрээр батлан гаргасан. Нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,330,829,442.2 мянган төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад төсөв зарцуулах эрх олгосон юм. Мөн төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 706,305,570.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,612,300.0 мянган төгрөг, 2021-2022 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 54,004,580.3 мянган төгрөгөөр тус тус баталлаа.
Түүнчлэн Нийслэлийн ИТХ-аар нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг баталж, өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт 45 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр НИТХ-ын тогтоол гаргалаа. Түүнчлэн Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу таван бүлэг, 22 дэд бүлгийн мянга орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан юм.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батбаясгалан “2022 он бол нийслэлчүүд бидний өмнө онцлог жил болно. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, дагаж мөрдөж эхлэх онцлог жил байх болно. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх төсвийг бид баталлаа. Төсвийг боловсруулахад хичээж оролцсон бүхий л хүмүүст талархсанаа илэрхийлье. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний онцлог зүйлийг хэлэх нь зүйтэй юм. Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээнд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг эрчимжүүлэх чиглэлээр хийх ажлыг хэд хэдэн бүлэгт онцгойлон орууллаа. Төлөвлөгөөний зорилт бүрийг төсөвтөө тусгасан нь сайн хэрэг” гэлээ.
Түүнчлэн нийслэлийн 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслийг хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, төрийн үйлчилгээний зардлыг хэмнэхийн дээр хоёр жилийн турш үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв болсон хэмээн үнэллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.36] 2021-12-05 04:34:39
Энэ чинь нөгөө аз жаргалтай УБ болчлоо гээд зүүдлээд байдаг дарганцар шив дээ зайлуул
Иргэн [139.5.219.191] 2021-12-03 11:13:42
Та нар орлогоос өөр юм хийгээгүй байна.!!!!!!!! цалин Тэтгэвэрээ нэм -- Хиймэл Хөшөө өөрдийн эрхтэн хөшөөгөө буулгаад цалин тэтгэвэр нэм!!!!!!!!!!ёстой!!!!!!!