УИХ-ЫН ГИШҮҮД ЯРИЛЦЛАГА ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгдөггүй, зугтдаг, илт тээршаадаг хандлагатай болчихоод байна. Үүнийг зөвхөн “Өдрийн сонин” дээр судалгаа хийхэд тоо, хувь, нэр устайгаа гараад ирлээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Х.Ганхуяг, Т.Доржханд, Т.Энхтүвшин, С.Чинзориг, Н.Ганибал, Ч.Ундрам, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт зэрэг гишүүн бол хэвлэл мэдээлэл, “Өдрийн сонин”-д нээлттэй ханддаг юм байна. Гэтэл эдний нөгөө талд огт ярилцлага өгдөггүй, хэвлэлийнхнийг биедээ ойртуулдаггүй, “Ярилцлага өгмөөргүй байна”, “Хүсэхгүй байна”, “Хэвлэлд дургүй”, “Тэгж байгаад ярилцлага өгье”, “Юу ярихаа мэдэхгүй байна” гэж бултаж аргацаадаг гишүүд байна. УИХ-ын гишүүд яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх дургүй болчихов оо?

УИХ-ын гишүүд бол УИХ, байнгын хороод дээр ямар хууль хэлэлцэгдэж байгаа, хэлэлцүүлэг нь ямар шатанд яваа, ямар хууль батлагдав, цаашид төр засаг ямар бодлого барих гэж байгаа талаар байнгын ярьж байх, иргэд, сонсогчдодоо мэдээлэл өгч байх үүрэгтэй. Гэтэл сүүлийн үед гишүүд туслахаараа хөтлүүлдэг фэйсүүк хуудас төдийхнөөрөө алдаг оног ганц хоёр модон хэллэгтэй юм постлуулж, амьд байгаагаа мэдэгдэх шахуу юм байцгаадаг болж. Тэрийг нь тоож хардаг хүн амьтан гэж юу байхав. Одооны гишүүд сонгуулиар гарч ирэхдээ бага хувиар сонгогдсоныг ч хэлэх үү, дээрээс нь албан ёсны, мэргэжлийн түвшний хэвлэл мэдээллийн байгууллагаас хол, зугтаасан байдалтай болчихоор ажил хийж байгаа эсэхийг нь ард түмэн, сонгогчид нь яаж мэдэх болж байна вэ. Иймээс гишүүд, ард түмний хооронд холбоос гэж юм байхгүй болчихлоо. Уг нь төрийн түшээдийг ард түмэнтэй холбодог гүүр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Гэтэл дуу хураагуур, микрофон, тэмдэглэлийн дэвтэр барьсан сэтгүүлч, сурвалжлагч харагдав уу, үгүй юү мэндийн зөрүүгүй зугтаадаг. Ярилцлага, тодруулга өгөхгүй, завгүй байна гэж явуут дундаа хэлэх буюу зарим нь ил цагаан дув дуугүй араасаа сэтгүүлчдийг гүйлгээд байдаг. Ямар сайндаа “Заригийн Өнөрөө” гэж сэтгүүлчид гарч ирэх вэ дээ. Гишүүдийн араас хар эрчээрээ, хөлийн хурдаараа гүйж байж амнаас нь таван үг унагадаг. Уг нь бол гүйгээд байх ямар ч шаардлагагүй. Сэтгүүлчтэй уулзлаа, хэд гурван үг хэлчихээд л яваад өгөх асуудал. Гэтэл бүр зугтаадаг жишиг хэдийнэ тогтчихсон. Тэрийг нь шинэ гишүүд нь тэгэх ёстой мэт ойлгоод бас зугтаад, сэтгүүлчид рүү нүдний булангаараа хялайдаг. Хэрэв ингэж зугтах байсан бол эрхэм УИХ-ын гишүүд ээ, та нар ард түмэнд “Та бүхний нүд, чих болъё. Та нарынхаа дуу хоолой болъё” гэж хэлж сонгогдох ямар хэрэг байсан юм бэ? Ард түмэнд мэдээлэл өгөх, юу хийж байгаагаа мэдэгдэх дургүй юм бол гишүүнээсээ татгалзацгаа!

Гишүүд ингэж хэвлэл мэдээллийн хэрэгслээс дөлж, зугтдаг асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар анхаар, УИХ-ын Тамгын газар нь ч наадуулдаа зөвлөгөө, зөвлөмж өг. Яаж ярилцлага өгдгийг хэл. Засгийн газар, намын дарга нь ч гишүүддээ “Ард түмэндээ ажлаа ярьж сур” гэж үүрэг өгч баймаар юм. УИХ-ын гишүүдээс гадна төрийн сайдууд гэж сэтгүүлч байтугай ямар ч хүн хавьтах, ойртохын аргагүй олон давхар хамгаалалттай. Хуучин бол сайдуудтай хаана ч таарсан салбарынх нь бодлогыг яриулаад болчихдог л байлаа. Сайдууд сэтгүүлчдийн ажилд их хүндэтгэлтэй хандаж, элэгсэг харьцдаг байсан шүү. Төрийн ордонд байнга шахуу тааралдана, сэтгүүлчидтэй өдөр тутам нүүр тулдаг тул бэргээд байдаггүй л байсансан. Одоо бол аль ч яаманд очиход үүднээсээ эхлүүлээд төрийн өндөр хамгаалалт тавьчихсан. Орохын эцэсгүй. Өчнөөн төчнөөн албан бичиг үйлдүүлж, утас шөрмөсөөр ярьж, гуйж гувшиж байж нэг уулзахаар аль хэдийнэ өөрсдөө бэлдээд зэхчихсэн гэмээр бэлэн ярилцлага сарвайдаг.

Сайд, гишүүд яагаад ч юм хэвлэлд ярилцлага өгөхийгөө өөрсөд рүүгээ, хувь хүн рүү нь хандсан үйлдэл гэж том андуураад байна. Өөрийг нь л баалах гэж байна, шүүмжлэх гэж байна гэж ойлгодог болцгоочихсон. Ийм л буруу ойлголт, хандлагатай гишүүдтэй болчихлоо. Ийм байж болохгүй ээ. УИХ-ын гишүүн бол жирийн нэг иргэнээс анги. Шүүмжлэлт сэдвээр ч та ярилцлага өгч байх хэрэгтэй. Юу хийж байгаагаа ил тод ярьж байх ёстой. Ард түмэн бид чинь та нарыг “Удирд” хэмээн дундаасаа сонгож гаргасан. Сонгож гаргачихаад та нарыг юу хийж байгааг, юу хэлж буйг мэдэхгүй байвал та нар шиг хүмүүсээр өөрсдийгөө төлөөлүүлээд яах юм бэ, тийм биз дээ.

УИХ-ын гишүүд, сайдууд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдээс бүх мэдээллээ нууцалдгаас болж энэ их авлига, албан тушаалын хэргүүд, идсэн уусан гэсэн хэл ам, УИХ-ын 76 үхэр, мал гэсэн зүхсэн яриа гарч байгаа юм. УИХ-ын гишүүн гэхээр өөрийгөө эрхэмсэг амьтан гээд бодчихдог. Гишүүн гуай та эрхэмсэг амьтан ерөөсөө биш шүү. Ард түмний төлөөлөл, хатуугаар хэлбэл ард түмний зарц. Ард түмэн хэвлэлийнхэнд хандаж “Манай гишүүн юу хийж байна, яагаад таг болов. Юу хийж байгааг нь та нар гаргаач ээ” гэж асууж, шаарддаг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаа сайтай, сэтгүүлчдийн ажлыг ойлгож, дэмждэг, хамтран ажилладаг гишүүд нь олон нийтэд ажил хийж байгаа мэт, хууль батлалцахад хувь нэмрээ илүү оруулж байгаа мэт харагддаг. Харин нөгөөдүүл нь болохоор зугтаад байдаг болохоор хаана, юу хийж байгааг нь хэн ч мэдэхгүй өнгөрөөд байдаг ийм хоёр талтай зүйл ажиглагдаад байна. Ийм зөрүүтэй байдал ялангуяа энэ парламентын гишүүдэд илүүтэй ажиглагдаад байна. Иргэд, ард түмэн гэхэд л өөрийнхөө тойргийн, өөрсдөө гаргасан гишүүнээ нэг муу юм таниад байгаа юм. Бусад гишүүн, зарим гишүүнийг таних нь бүү хэл нэг ч хараагүй байх нь ч бий. Танигдаагүй гишүүн энэ УИХ-ын чуулганд дүүрэн байна. “Энэ хэн билээ, ийм гишүүн байдаг билүү” гэж гайхаж асуумаар гишүүд байна билээ. Хоёр жил болох гэж байхад ард түмэн нь огт таньдаггүй гишүүн байна гэхээр тэд олон нийтээс ямар их нууцлаг байгаа нь харагдана. Хуучин цагт юм дуугардаггүй, олонд танигдаагүй ийм сул гишүүдийг “Хэлгүй Королиа” гэдэг байсан. Ийм Королианууд энэ чуулганд ч дүүрэн сууж байна. “Өдрийн сонин” дээр хийсэн дээрх судалгаанаас харахад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 76 гишүүнээс 30 гаруй нь ганц ч удаа ярилцлага өгч байгаагүй байх юм. Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Д.Батлут, Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар зэрэг гишүүдийг энд дурдаж болох нь. Зарим нь “Би хэвлэлд дургүй”, “Би юу ярихаа мэдэхгүй байна”, “Би хэвлэл мэдээллийн хэрэгслийг чухал гэж тоодоггүй” гэж ойшоогоогүй ч тохиолдол байна. “Хэвлэл мэдээллийг ойшоодоггүй” гэж томорч байгаа нь үнэндээ ойшоохгүй байгаадаа биш л дээ. УИХ-ын гишүүд ажлаа хийдэггүй, үүргээ мэддэггүй, яах гэж УИХ-д сууж байгаагаа ч ойлгодоггүйгээ нуух гэж ингэж худал хэлдэг юм.

Гишүүд ярилцлага өгч байх ёстой. Ярьж бай. Засгийн газар ажиллаж л байгаа бол эд нараа хэлд оруул. УИХ-ын Тамгын газар нь ч дахин дахин шаард.

Хэлэлцэж буй, хэлэлцсэн хуулиудаа мэддэггүй гишүүн гэж баймааргүй л санагдах юм. Гишүүн болгон хуулиа ярьж, тайлбарлаж байх ёстой. Одооны УИХ-ын гишүүд маш дорой, бүрэг байна. Тийм гэдгээ худлаа их зангаар халхалсан мэдлэггүй гишүүн ч олон байна.

Энэ бүгдээс харахад дараагийн сонгуульд олонхын санал авсан хүчтэй гишүүн хэрэгтэй юм байна шүү. Манай сонгуулийн энэ тогтолцоо болохгүй байх шиг. Францын мажоритар тогтолцоо бол хоёрыг үлдээгээд, тэр хоёроо дахин өрсөлдүүлээд нэгийг нь гаргаж ирдэг. Манайд бол арай илүү санал авсан нь л тэнгэрийн умдаг атгасан мэт гараад ирдэг. Зарим тойрогт 20 мянган сонгогчдын найм, есөн мянгаас нь л санал авчихад гишүүн болчихож байгаа юм. Тэгвэл Францын дээрх мажоритар нь хамгийн их санал авсан хоёрыг нь дахин өрсөлдүүлж, нэгийг нь сонгодог нь олон хүнээс санал авч гарсан, олон хүнд танигдсан болгодог юм билээ. Иймэрхүү маягаар сонгуулиа явуулдаг юм уу, пропорцианаль руу ордог ч юмуу ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол Төрийн ордноор дүүрэн хэлгүй гишүүд учраа олохгүй гүйгээд байна.

Улстөрч бол ярьж байх ёстой. Яг энэ гол ажлаа хийхгүй байгаа учраас төр засаг, УИХ-ын нэр хүнд монголчуудын дунд маш их уначихсан. Муу байгаагийн жишээ бол төв хэвлэлдээ огт ярилцлага өгч үзээгүй дээр дурдсан нэр бүхий гишүүд тэргүүтэй 30 гаруй гишүүн юм. Бүтэн парламентын гишүүдийн бараг тал нь юу ч ярихгүй байгаа нь энэ парламент 50 хувийн чадамжтай л явж байна гэж харахаас өөр яах юм бэ.

ӨДРИЙН СОНИН ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ

image


Сэтгэгдэл

иргэн [202.21.126.195] 2022-01-20 05:55:22

Хэвлэлийнхэн дандаа захиалгаар мэдээлэлийг гуйвуулдаг ,Тийм учир гишүүд ярилцлага өгдөггүй байх.Худлаа ярьдаг хүмүүс тэгээд ярилцлага өгдөг мундаг болохнуу.Энэ өдрийн сонин одоо болио.Олигтой шударга байдаг юм шиг.Өгөөгүй гишүүдийн зөв.Тэнцвэртэй 1 талыг барьж мэдээлэлээ бичиж гаргадаг болсоны дараа гишүүдийг шүүмжил хэвлэлийнхэн.Өгөхгүй байх нь тэдний эрх биздээ.Эрх эдлэдэггүй байнга хариуцлага үүрэг хүлээнэ гэж юу байдаг юм.Өөрсдөө болохоор эрх чөлөө гээд хуцаад байдаг биздээ.Гишүүд болохоор байнга үүрэг хүлээх нь шударга зүйл үү аан

Иргэн [64.119.20.41] 2022-01-20 05:49:51

Гэмт хүн гэлбэлзнэ.гэдэг !!!!!!гэмтэйшдээ бүгд!!!юу ярих юм бүгд адилхан ард түмэнрүү харж чадахгүыш дээ ичээч!@@@

Зочин [202.126.89.100] 2022-01-20 05:16:04

МАН-ын энэ 66 сүрэг хулгайч, луйварчид, авилгачдыг хэн тоож ярилцлага авах юм бэ, энэ хулгайчдын үгийг тоож сонсох хүн байх уу, инээдтэй юм ярих юм

Иргэн [64.119.26.220] 2022-01-20 04:56:56

УИХ-ын гишүүд иргэдийн төлөөлөл байх ёстой. Ихэнхи намын төлөөлөл уяаны ноход байгаа. Нам нь турхирахгүй бол давхихгүй ,дуугарахгүй.

Зочин [103.10.21.239] 2022-01-20 04:05:51

Бултдаг гишүүдийг бас нэрлээч ярилцлага өгөх ёстой гэдгийг ойлгоогүй махан толгойнууд бна ойлгох сургалт хий


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.