"Төрийн Хонжин" гэж хэн бэ?

Aдмин / Хууль

«ТӨРИЙН ХОНЖИН»

Монголын Зэвсэгт хүчинд гүйцэтгэх үүргээрээ онцгой байр суурь эзэлдэг олон офицер, ахлагч бий. Энэ удаа та бүхэнд Төрийн хонжин, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболдыг онцолж байна. Төрийн хонжин гэдгийг энгийнээр тайлбарлавал Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, Тулгар төр байгуулагдсаны ойн баяр наадмын нээлт болон хаалтын ажиллагаанд Төрийн Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх үйл ажиллагааг удирдан,зохион байгуулдаг хүнийг хэлнэ гэж ойлгож болно. Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаална. Төрийн тугийг хүндэтгэн залах үед Төрийн хонжин энэ ажиллагаанд оролцож байгаа төрийн ёслолын торгон цэргийг захирна. Бүгд 32 морьтон оролцдог юм.

Дашрамд онцлоход, хурандаа Л.Батболд нь 2015 онд Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд Монголын дайчин эрсийг командлан сүр жавхлантай алхсан гэдгийг та бүхэн мэднэ. ОХУ-ын Ерөнхийлөгч В. И. Путинтэй түүний дэвхийтэл ёслож байгаа агшинг цэнхэр дэлгэцнээс харсан биз ээ. АСЕМ-ын хүндэт зочдыг түүний удирдлагаар Төрийн торгон цэргүүд ёслол төгөлдөр угтан авлаа. Хурандаа Л.Батболд Зэвсэгт хүчиндээ 30 гаруй жил ажиллаж байгаа манай шилдэг офицеруудын нэг юм.

Монгол түмний их баяр наадмын босгон дээр эрхэм хоёр хүнийг онцлон ярилцлаа. Монголд төдийгүй дэлхийд ганц гэж хэлж болохоор албан тушаал, алдар цолтой хүмүүс бол төрийн хонжин буюу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн төрийн торгон сүргийн даамал, бэлтгэлд байгаа хурандаа Ц.Галбадрах нар юм.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа, төрийн хонжин Л.Батболдтой ярилцлаа.

“Төрийн хонжин” гэсэн албан тушаалын талаар ярилцлагаа эхлэх үү?

Юань гүрний үед Төрийн ёслолын хэрэг хариуцсан түшмэл гэдэг албан тушаал байсан, Чингис хааны найман цагаан гэрийн ёслолын хэргийг хариуцсан түшмэлийн цол ч гэж тэмдэглэсэн байдаг юм билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 67 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадмаар Есөн хөлт Цагаан тугийг залах торгон цэргийг залах захирагчийг хонжин гэж нэрлэх болсон. Энэ зарлигийн заалтыг үндэслэн ЗХЖШ-ын даргын тушаалаар Төрийн хонжинг томилж, Үндэсний их баяр наадмаар Төрийн ордноос Есөн хөлт Цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг болсон уламжлалтай. Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаална. Төрийн тугийг хүндэтгэн залах үед Төрийн хонжин энэ ажиллагаанд оролцож байгаа төрийн ёслолын торгон цэргийг захирдаг. Бүгд 32 морьтон оролцдог юм. Мөн Бүх цэргийн Хар сүлдийг цэнгүүлэх, цагаалах тайлгыг төрийн хонжин удирдан зохион байгуулдаг болсон ба уул овоог тайх төрийн тахилгын ёслолын арга хэмжээнд Зэвсэгт хүчнийг төлөөлж оролцдог.

Та төрийн хэд дэх хонжин бэ?

Төрийн Есөн хөлт Цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг болсноос хойшхи хугацаанд хурандаа Д.Цогтбаатар, хурандаа Х.Будцэрэн, хурандаа Л.Чимэддорж, хурандаа Ж.Дүүрэнжаргал, бригадын генерал Г.Энхбаатар, хурандаа Ч.Баярсайхан нар Төрийн хонжингийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэсэн. Миний хувьд долоо дахь хонжин.

Наадмын бэлтгэлийг хэрхэн хангадаг вэ?

Сарын өмнөөс л бэлтгэл эхэлдэг. Морьдоо авчирч бэлтгэлийг нь хангана. Хүн, морьд бэлтгэлээ базаасны дараа долоодугаар сарын 10-ны орой Есөн хөлт Цагаан тугаа гаргаж Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлээд 11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд зална. Долоодугаар сарын 12-нд Төрийн ордонд буцаан залснаар бидний ажил үндсэндээ дуусдаг.

Есөн хөлт Цагаан тугийг залах бүрэлдэхүүнийг хэрхэн сонгодог вэ?

Их цагаан тугийг офицер, хөл тугийг цэргүүд барин залдаг байсан бол 2013 оноос хойш ажил, үйлсээрээ тэргүүлсэн офицер, ахлагч, шилдэг хугацаат цэргийн алба хаагчид залдаг болсон. Торгон цэргийн салаа нь цэргүүдээс бүрддэг, салааны захирагчаар 032 дугаар ангийн морьт салааны захирагчийн орлогч томилогддог юм.

Шарга морьдын тухайд?

Төрийн торгон сүргээс сонгоно. Шаардлагатай бол жилдээ нэгээс хоёрыг сольдог. Морьд маань бараг л “мэргэшчихсэн” гэхэд болно доо. Олон жил уралдсан морьд уяа сойлгоо өөрөө тааруулчихдаг гэдэг шиг. Гантай жил л жаахан хэцүү байдаг юм.

Та морь сайн унана биз. Бас л мэргэшчихсэн байх...

Би хотын унаган хүүхэд. Моринд мордохоос цаашгүй л байсан. Одоо ч бас чиний бодоод байгаа шиг мэргэшчихсэн биш. Сар гаруй хугацаанд бэлтгэл хийхээр аяндаа гайгүй болоод ирнэ. Миний унадаг морийг өмнөх хонжин буюу хурандаа Ч.Баярсайхан унадаг байсан. Одоо 10 дахь жилдээ төрийн их баяр наадамд Төрийн хонжингийн хүлэг болж, түмнээ баясуулах гэж буй сайхан буян.

Туг залаад орж ирэх тэр торгон мөчид үзэж суугаа бид тэгтлээ их огшдог байхад Таньд бол бүр илүү мэдрэмж, омогшил төрөх нь тодорхой...

Мэдээж, хүн бүхэнд заяахгүй хувь тавилан. Анхны жил их сандарсан. Алдах эрхгүй алба болохоор бага зэрэг айдас, болгоомжлол дагалдана. Туг залах хүн дунджаар 70-90 кг жинтэй. Үүн дээр морьдоо 10 кг чимэглэлээр тоноглоно. Их туг 36 кг жинтэй гээд бодохоор 130 гаруй кг ачаатай Чингисийн талбайгаас Төв цэнгэлдэх хүрээлэн орох мэдээж амаргүй. Цаг агаар сайхан, салхи шуурга, бороогүй байгаасай л гэж залбирдаг даа. 2015 оны наадмаар цаг агаар тааруу салхи шуураад морьд маань гуйваад нэлээд сандарсан. Наадам сайхан болж өндөрлөөд, морьдоо Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хүргэж өгсний дараа л сэтгэл амарна шүү дээ.

Наадмын өглөө...

Наадмын өглөө догдлол, бахархал, хариуцлага, омогшил гээд л сайхан мэдрэмж бүхнээр эхэлдэг.

Таны хувьд хамгийн мартагддаггүй наадам?

Бага нас минь Дархан хотод өнгөрсөн. Ээжээсээ 5 төгрөг авчихаад найзуудтайгаа наадмын талбай руу жирийлгэж, 1 төгрөг 20 мөнгөний ундаа, 50 мөнгөний хуушуур идээд бужигнаж явсан наадмууд хамгийн сайхан нь юмуу даа. Энэ дашрамд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баяр наадмын мэнд дэвшүүлье.

Баярлалаа. Сайхан наадаарай.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, хошууч Х. Ганзул


Сэтгэгдэл

Зочин [64.119.17.71] 2022-07-15 18:48:17

Хонжин гэдэг үг монгол үг мөн үү тайлбарлаад өгөөч 94 онд анх хэрэглэсэн гэх юм

Зочин [202.9.46.18] 2022-07-15 14:24:24

Хийх ажилгүй монголын арми энэ балай алба яг ямар ач холбогдолтой алба вэ ийм жүжиг тоглоод л өндөр цалин тэтгэвэр авч байдаг идэхээс өөр ид шидгүй арми зэвсэгт хүчин гэдэг юм монголд үнэндээ хэрэггүй армийг татан буулгаж ядарсан эдийн засагтаа тус бол...

Зочин [91.210.248.236] 2022-07-15 06:09:41

Хурандаа Батбтлдынхоо зургыг тавиач дээ.

hunhu [202.21.127.169] 2022-07-15 05:40:17

honichin gej sonsogdood baidag yumaa. arai uuruur nerlej boloogui yum baih daa


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.