ДЭМБ "Ковид-19" цар тахлын гарал үүсэлтэй холбоотой бүх мэдээллээ нийтлэхийг Хятадад уриалжээ
ДЭМБ "Ковид-19" цар тахлын гарал үүсэлтэй холбоотой бүх мэдээллээ нийтлэхийг Хятадад уриалжээ. Хятадын эрдэмтэд энэ оны эхээр "Ковид-19" өвчнийг үүсгэгч "САРС-Ко-Ви-2" вирусний генетикийн шинэ мэдээлэл, түүнчлэн Хятадын Ухань хотын амьд амьтны захаас 2020 онд авсан дээжүүд дээр үндэслэн гаргасан геномын нэмэлт мэдээлэл зэргээ “ЖИСЭЙД” мэдээллийн санд богино хугацаанд байршуулжээ.
Үүний үр дүнд өөр орны судлаачид мэдээлэлтэй танилцах боломжтой болсон гэж ДЭМБ-аас мэдээлсэн байна. Богино хугацаанд нийтлээд устгасан уг мэдээллийн ачаар зах дээр коронавирусний халдвартай байж болзошгүй нохой илбэнх байсан гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүрсэн байна. Энэ бол халдвар дамжсан сүлжээг олж тогтоох шинэ сэжүүр байх магадлалтай гэж эрдэмтэд үзжээ.
Тодруулбал, захын лангуу, сувгийн системээс цуглуулсан 923 дээжээс цөөн хэсэг нь вирусний эерэг хариутай гарсан байна. Шинжилгээнд хамрагдсан амьтдын 457-гоос нь вирус илрээгүй гэжээ. Нийтлэлд эхэндээ нохой илбэнхнээс дээж цуглуулаагүй гэсэн байна.
Өдгөө дээрх мэдээллийг устгаж, шинэ, нэмэлт мэдээлэл гаргахаар хэлэлцэх шатандаа явж байгааг “ЖИСЭЙД” мэдээллийн сангийн төлөөлөгч мэдэгджээ. Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ эрдэм шинжилгээний “Наачэ” сэтгүүлд дахин танилцуулахаар төлөвлөж байна гэжээ. "Ковид-19"-ийн гарал үүслийн судалгаанд чухал алхам болох энэ мэдээллийг яаралтай танилцуулах хэрэгтэй гэж ДЭМБ-ын төлөөлөгчид уриалж байна.
Сэтгэгдэл