БНАСАУ РУУ ЭКСПОРТЛОХ ХОРИОТОЙ БАРААНЫ ЖАГСААЛТЫГ ГАРГАВ
Хойд Солонгос улс өнгөрсөн өдрүүдэд Солонгосын хойг болон Япон тэнгис рүү хэд хэдэн удаа пуужин харвалаа. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос улс экспортын ажиглалтын жагсаалт гаргав. Энэ нь хиймэл дагуулын бүтээн байгуулалттай холбоотой зүйлсийг гуравдагч орноор дамжуулан Хойд Солонгос руу экспортлохоос сэргийлэх зорилготой арга хэмжээ юм. Ажиглалтад нийт 77 бараа бүтээгдэхүүн багтсан.
Энэ арга хэмжээ нь Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг эрчимжүүлэх зорилготой гэж Өмнөдийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Хойд Солонгос улс энэ оны дөрөвдүгээр сард тагнуулын шинэ хиймэл дагуул бүтээнэ гэж мэдэгдсэн.
Тиймээс хиймэл дагуулын бүтээн байгуулалттай холбоотой бараа бүтээгдэхүүнийг ийнхүү хоригложээ. Түүнчлэн Умардын хууль бус зэвсгийн хөтөлбөртэй холбоотой дөрвөн хувь хүн, зургаан аж ахуйн нэгжид шинээр хориг арга хэмжээ авчээ.
Хойд Солонгосын удаа дараалсан үйлдэлд ямар арга хэмжээ авах талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал зөрөлдөөнтэй байдаг. Тус улс нь 2006 оноос хойш пуужин болон цөмийн хөтөлбөрийнхөө төлөө НҮБ-ын хоригт хамрагдсан. Хятад, ОХУ нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтыг өдөөн хатгасан үйлдэл гэж буруутгасан байр суурьтай байна. Гэтэл нөгөө талд АНУ нь Хойд Солонгосыг хориг арга хэмжээнээс хамгааллаа гэж Хятад, ОХУ-ыг буруутгаж байна.
Сэтгэгдэл