Афганистанд хүчтэй газар хөдөлжээ
Афганистанд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Пакистаны хойд нутагт хоёр хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод хүртэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт Пакистан, Тажикистаны хилийн ойролцоо оршдог Афганистаны Журм суурингийн зүүн өмнөд хэсэгт 40 км-ийн гүнд байсан гэж АНУ-ын Геологийн албанаас мягмар гарагт мэдэгджээ.
Харин Пакистаны Цаг уурын газар уг газар хөдлөлтийг 6.8 магнитудын хүчтэй байсан хэмээн мэдээлсэн бөгөөд хожим нь Афганистаны хил орчмын Хиндукуш бүсэд 3.7 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэж мэдээлсэн байна. Пакистаны баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужид байгалийн гамшгийн улмаас хоёр хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байсан гэж аврах албаныхан “Al Jazeera” телевизэд мэдээлжээ. “Байшингийнх нь хана нурсны улмаас Сват дүүрэгт 10 настай охин, Дир дүүрэгт 24 настай эрэгтэй амь эрсэдсэн” гэж аврах албаны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Түүний мэдээлснээр, нийслэл Исламабад хотоос баруун хойд зүгт 180 км зайд оршдог Сват дүүрэгт хөрсний гулгалтын улмаас ихээхэн хохирол учирчээ. Байгалийн гамшгийн улмаас 20 гаруй байшин барилга сүйдэж, олон хүн гэмтэж бэртсэн байна.
Хайбер-Пахтунхва мужийн Сват хөндийн эмнэлгүүд 250 өвчтөнийг эмчилж байгаагаас 15 нь хөнгөн бэртсэн бол 200 гаруй хүн ухаан алдсан байдалтай байжээ. Тус мужийн бусад хэсгүүдэд 52 хүн гэмтэж бэртсэн гэж албаныхан мэдээлж байна. Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф онцгой байдлын албаныханд газар хөдлөлтийн уршигт үр дагаврыг харгалзан сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.
Мөн Афганистаны зүүн хойд нутгийн Лагман мужид хоёр хүн амиа алдсан гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах яамны хэвлэлийн төлөөлөгч Шафиулла Рахими мэдээлсэн байна. Улсын хэмжээнд эрүүл мэндийн төвүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Афганистаны нийслэл Кабул хотоос гадна Исламабад, Лахор зэрэг Пакистаны олон хотод мэдрэгдсэн байна. Исламабад хотын оршин суугч Сара Хасаны “Al Jazeera” телевизэд мэдээлснээр, газар хөдлөх үеэр байшингийнх нь хана чичирч байсан бөгөөд эхэндээ аажмаар хөдөлж байсан ч сүүлдээ улам хүчтэй болсон байна.
Мөн Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмир мужид газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн гэдгийг оршин суугчид хэлж байна. Өнгөрсөн сард Турк, Сирид хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас 50 мянга гаруй хүн амиа алдсан харамсалтай явдлын талаар мэдэж байсан тул хүмүүс гэрээсээ яаран сандран гарсан байна.
“Турк, Сирид болсон эмгэнэлтэй явдлын дүр зураг одоо ч нүдэнд маань тодхон санагдаж байна. Чичирхийлэл тийм ч хүчтэй мэдрэгдээгүй ч гэрээсээ гүйн гарахад бүгд л гудамжинд гараад ирчихсэн зогсож байсан” гэж Сринигар хотын оршин суугч “Al Jazeera”-гийн сурвалжлагчид ярьжээ. Өнгөрсөн онд Афганистаны зүүн нутагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 1000 гаруй хүн амиа алдсан юм.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-22 16:24:05
ГАЗАР ХӨДЛӨЛТ Ч ОЙРТСООР Л БАЙНА ДАА МОНГОЛЫГ ХЭЗЭЭ СЭГСЭРЭХ ЮМ БОЛДОО 76 СДАГ ОРДОНТОЙ НЬ АВААД ЯВААСАЙ