Тайванийн ерөнхийлөгч АНУ-д айлчилна
Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн Төв Америкийн Гватемал, Белиз улсаар айлчлахдаа АНУ-д албан ёсны бус айлчлал хийнэ гэдгийг Тайванийн Засгийн газраас өчигдөр мэдээллээ. Үүнийг Хятадтай үүссэн зөрчлийг нэмэгдүүлэхээс зайлсхийж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзах гэж байна хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Тодруулбал, Цай Ин Вэн энэ сарын 30-нд Нью Йорк хотод очих юм байна. Дараа нь Лос Анжелес хотоор дамжих урьдчилсан тов гарчээ. Калифорнид байхдаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Мак Картитай уулзана гэж Тайванийн ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлэв.
Цэргийн зэвсэг, хэрэгслийн худалдаа, нисдэг бөмбөлөг гэсэн хэд хэдэн асуудлаас үүдэн АНУ болоод Хятадын харилцаа хурцдаад байгаа билээ. Тиймээс Цай Ин Вэнийн АНУ дахь албан бус айлчлалыг Хятадын Гадаад хэргийн сайд буруутгаж, АНУ болон Тайванийн Засгийн газар хооронд ямар нэгэн хэлэлцээр хийж болохгүйг анхааруулав.
Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэн Бин “Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ эрх баригчдад нь дахин анхааруулья. Хэрэв гадны ямар нэгэн улсын тусламж болон өдөөн хатгалгаар тусгаар тогтнох оролдлого хийвэл юу ч бүтэхгүй” гэж “Aljazeera”-д ярьжээ. Тэрбээр Германы Боловсролын сайд энэ долоо хоногт Тайваньд айлчлах мэдээллийг ч эрс шүүмжилсэн юм. Герман нь АНУ-тай адил Тайваньтай албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй. Гэсэн ч Хятадын Гадаад хэргийн яам тус айлчлалыг “Нэг Хятад” бодлогод халдсан хэмээн буруутгасан байна. АНУ нь Тайванийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч, гол холбоотон орон юм.
Тиймээс Цай Ин Вэнийн айлчлалын үеэр Хятадын зүгээс ямар нэгэн хариу үйлдэл үзүүлнэ гэж таамаглаж, Тайванийн Батлан хамгаалах яам урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна гэж салбарын дэд сайд По Хорнг-Хуэй мэдэгджээ. Ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Хятад нь АНУ-ын Төлөөлөгчийн танхимын даргын Тайпей дэх айлчлалын дараа өнгөрсөн оны наймдугаар сард арлын эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийж сүрдүүлж байв. Дашрамд дурдахад Гватемал, Белиз улсууд нь Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн 14 орны хоёр нь юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Тайваан бол Гоминдааны түшиц газар биздээ? [139.5.218.33] 2023-03-23 18:34:52
Монгол бол Тавааниас болгоомжлох хэрэгтэй шүү. Монголын тусгаар тогтнол Тайваанийн байдлаас шаал өөр асуудал юм. Тайваанд байдаг Гоминдааны засгийн газар Монголыг тусгаар тогтносон улс гэж ҮЗДЭГГҮЙ шүү. Парламентад нь Ар Монголын 2 депутатын суудал бэлдчихсэн байдаг гэж сонссон.
Зочин [202.126.89.78] 2023-03-23 11:03:41
Woow amjilt!