Япон улс “COVID-19”-тэй холбоотой хилийн хяналтын арга хэмжээнүүдээ цуцална

Aдмин / Гадаад мэдээ

Япон улс “COVID-19” халдварыг түгээмэл тархдаг халдварт өвчний ангилалд оруулах шийдвэрийнхээ хүрээнд хилийн чанадаас ирэх хүмүүст тавих шаардлагуудаа тавдугаар сарын 8-ны өдрөөс цуцлахаар болсныг тус улсын Засгийн газар даваа гарагт мэдэгдлээ. Засгийн газар шинэ халдварт өвчнүүдийг илрүүлэх зорилгоор халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулах геномын тандалтын шинэ хөтөлбөрийг мөн нэгэн зэрэг эхлүүлэх ажээ.

Одоогоор хилээр нэвтэрч буй бүх иргэнд “COVID-19”-ийн вакцины гурван тунд хамрагдсан гэрчилгээ эсвэл 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх шаардлага тавьж байгаа юм.

Японд “COVID-19”-ийн халдвар тархсаны улмаас 2020 оны хоёрдугаар сараас анх хэрэгжүүлж, “Долоогийн бүлэг”-ийн орнуудын дунд хамгийн хатууд тооцогдож байгаа хилийн хяналтын арга хэмжээнүүдийг цуцалснаар аялал жуулчлал сэргэхэд тус дөхөм болно гэж найдаж байна.

Коронавирусний “омикрон” хувилбарын тохиолдол бүртгэгдэж эхлэх үеэс буюу 2021 оны 11 дүгээр сараас Японы эрх баригчид гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглож, тус улсын иргэд болон байнгын оршин суугчдад зориулалтын байранд тусгаарлагдах шаардлага тавих зэргээр хилийн хяналтын арга хэмжээнүүдээ чангатгасан юм.

Уг арга хэмжээнүүдийг эхний ээлжид сарын хугацаатай тогтоогоод байсан ч үргэлжлүүлэн сунгасан нь гадаадын оюутнууд, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байв. Улмаар 2022 оны гуравдугаар сараас эхлэн өдөрт хилээр нэвтрүүлэх иргэдийн тоог шат дараатайгаар нэмэгдүүлж, 10 дугаар сард уг хязгаарлалтыг бүрмөсөн цуцалсан билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.