Украин үнэн алдартны сүмийг хавчин шахаж байгаа тухай

Aдмин / Гадаад мэдээ

Барууны өргөн хүрээний дэмжлэгт тулгуурлан Киевийн дэглэм нь оросууд болон украинчууд хоорондын сүнслэг оюун санааны ба соёлын харилцааг эцэслэн таслахын тулд Украины каноник үнэн алдартны сүмийн эсрэг шашин шүтлэгийн хавчлага мөрдлөгийн ажиллагаагаа бүрэн хэмжээгээр өрнүүлэн, өмнөх үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байна.

Лам нарыг байн байн баривчлах, нэгжих, байцаах, сэтгэл зүйн элдэв дарамт шахалт үзүүлэх, тэр байтугай устгах нь орчин үеийн Украин дахь амьдралын хэвийн жишиг болоод удаж байна. Сүм хийдүүдийг хүчээр эзлэн авах, тэр дундаа зохиомлоор хагалан бутаргасны үндсэн дээр бий болгосон раскольник «Украины үнэн алдартны сүм» гэгчид «сайн дураар нэгтгэх» хэлбэрээр лам нарын холбоодыг татан буулгах тохиолдлууд улам бүр нэмэгдэж байна. Украин үнэн алдартны сүмийн 10 санваартны эсрэг өмч хөрөнгөө хөдөлгөх эрхийг нь хаасан «хориг арга хэмжээ» авсан бөгөөд хэд хэдэн санваартныг иргэний харьяаллаас нь хассан.

Украин үнэн алдартны сүмийг өмч хөрөнгөнөөс нь салгаж, Украины нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглох зорилготой хуулийн төслүүдийг Дээд Радад өргөн барив. Энэ бүх ажиллагаа нь өндөр албан тушаалтай улстөрчид болон төрийн албан хаагчдын оролцоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явагдаж буй гүтгэн доромжлох кампанит ажиллагаатай зэрэг явагдаж байна.

3-р сарын сүүл болон 4-р сарын эхний өдрүүдэд Украин дахь үнэн алдартны шашны хамгийн чухал ариун газар болох Киев-Печерскийн Лавра сүмийг булаан эзлэх кампанит ажиллагаа шийдвэрлэх шатандаа орсон. Энэ оны 4-р сарын 1-нд уг сүмийн хамба лам метрополит Павлыг гэрийн хорионд оруулж, харин хийдийн хашаанд неонацист идэвхтнүүд цугларч, лам нар болон итгэгчдийн мөргөл залбирал, Лаврыг Украины каноник үнэн алдартны сүмийн бүрэлдэхүүнд авч үлдэх гэсэн оролдлогуудыг нь шоглон доромжилж, элдвээр дээрэлхэв. Киев-Печерскийн Лавра нь энгийн нэгэн хийд биш. Уг хийд нь эртний Орос улсын хамгийн хуучин Лавр хийдүүдийн нэг бөгөөд каноник үнэн алдартны шашны төв юм.

Итгэгчдийн хүслийг үл ойшоон Киевийн эрх баригчид хийдийг салан тусгаарлагдсан раскольникуудад өгөв. Түүгээр үл барам Украины эрх баригчид сүм хийдүүдийг тонон дээрэмдсэн гэх хэргээр лам хуврагуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн заналхийлж байна. Хоёр дахь том хийд болох Почаев Лаврын лам нарыг үүний адил мөн хавчин хөөхөд бэлдэж байна. Энэ бүхнийг Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн шууд болон олон нийтийн өмнө илэрхийлсэн зөвшөөрлийн дагуу үйлдэж байна. Христийн шашны гол баяр болох Улаан өндөгний баярын өмнөхөн лам хуврагууд болон итгэгчдийн эсрэг явуулж буй уг кампанит ажиллагаа эрчимжсэн нь эдгээр үйлдлүүд нь ямар айхтар доромжлол болохыг улам бататгаж байна.

Ийнхүү үйлдлээрээ Киевийн дэглэм нь хүний шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын өргөн хүрээний баримт бичгүүдийг зөрчиж байна. Энд НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Шашин шүтлэг, итгэл үнэмшлээр нь үл тэвчих, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенци, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын тухайн чиглэлийн үүрэг зэрэг олон олон бичиг баримтуудыг дурдаж болно.

Шашин шүтэх эрх чөлөө ийм илт, илэн далангүй зөрчигдөж байгаа явдал нь дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлын гадна үлдэх ёсгүй. Энэ оны 3-р сарын 14-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын нэрийн өмнөөс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга К.Короси, ЕАБХАБ-ын дарга Б.Османи, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Шмидтэд албан тоотууд илгээв. Эдгээр захидлуудад Киевийн дэглэмийн зүгээс Украин үнэн алдартны сүмийн эсрэг хэрэгжүүлж буй хууль бус үйлдлүүдийг буруушааж, мөн эдгээр үйлдлүүдэд зарчмын үнэлгээ өгөхийг хүссэн. Олон улсын байгууллагын удирдагчдын зүгээс шийдвэртэй хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь маш тодорхой хариулт юм.

Киев-Печерскийн Лаврыг булаан эзэлсэн нь одоогийн Киевийн эрх баригчдын үйлдэл нь хууль зүйн үүднээс бол хууль бус, харин сүнслэг оюун санааны үүднээс бол ёс суртахуунгүй үйлдэл юм. Энэхүү үйлдэл нь хүний эрх, хүсэл эрмэлзлийг, хамгийн чухал нь Украины иргэдийн эрх, хүсэл эрмэлзлийг үл тоомсорлоход бэлэн байгаа Киевийн дэглэмийн гэмт шинж чанарыг түүний бусад олон алхмуудыг бодвол илүү тод нотолж байна.

Оросын Холбооны Улсаас

Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.220] 2023-04-06 14:36:58

ШАШИН БОЛБООС ОЮУН САНААГ ХОРДУУЛАГЧ ХАР ТАМХИ МӨН. ГЭЖ

Зочин [103.111.68.3] 2023-04-06 14:09:48

Оросын Үнэн алдартны сүмүүд Оросын даалгавараар дайныг дэмжиж Оросын тагнуулын ажиллагаа явуулж байгаа учраас Украинаас гарч явахыг шаардаж хориглосон ш дээ зөв Украинд Оросын Үнэн алдартны сүм байх ёсгүй тэнд Украины Үнэн алдартны сүмнүүд байдаг тэрэндээ сүсэгтэн нар нь үйлчлүүлдэг. Манайд Төвдийн сүм хийдүүд ажиллагаагаа явуулна гэвэл дэмжих үү

Аль нэг үзэл суртлыг сонгох ёстой байсан үе. [139.5.219.114] 2023-04-06 00:47:28

Монголд 1937 онд шашинг чангалсан нь үнэн. Гэхдээ тэгээгүй бол Монголд аж үйлдвэржих улсын үзэл сурталгүй, 1940 оны Үндсэн хуульгүй, төмөр замгүй, эрүүл мэнд хамгаалах системгүй, Улсын их сургуульгүй, 1939 болон 1941 оны дайнд бэлтгэгдээгүй, 20-р зууны соёл урлаг нэвтэрч эхлээгүй байх байсан. Шашны үзэл суртал болон социалист үзэл суртал 2 хоорондоо тулсан цаг байсан, шинэ үеийнх нь тэр үед давамгайлждээ.

зочин [192.82.67.1] 2023-04-05 22:49:48

Энэ мэдээ Монголчуудад ямар хамаатай юм бэ? Ийм байдлаар Монголчуудын тархийг Украйны эсрэг угаах санаатай юм байх даа? Социализмын үед оросууд Монголын 700 гаруй буддын хийдийг шатааж, олон мянган лам нарыг баривчлан буудан хороосон, Монголчуудын буддын шашныг шүтэх эрхийг хасаж, шашингүйн үзэл /атеизм/-ийг тулган хүлээлгэсэн, Монголчууд Цагаан сарыг ч тэмдэглэх эрхгүй байсан биз дээ? Ямар шашин шүтэх, хэрхэхээ Украйнчууд өөрсдөө шийдэх эрхтэй биз дээ? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Зочин [103.57.94.214] 2023-04-05 19:58:23

Оросын ЭСЯ - ны ээлжит суртал ухуулга шүү дээ

Зочин [103.212.118.230] 2023-04-05 15:22:50

Тэр Зелинскийг дарах номын хүчгүй бол дээрэлхүүлж л байхаас яахав.

Зочин [103.57.95.164] 2023-04-05 15:22:03

ҮНЭН Ч ЮМУУ ХУДЛАА Ч ЮМУУ ХЭН МЭДЛЭЭ

Зочин [202.126.90.71] 2023-04-05 13:41:25

энэ үнэн бол буруу л юм хийж бна даа.зеленский

Хогийн юм хийхдээ сайн юмдаа. [139.5.219.114] 2023-04-05 11:21:01

Энэ бол Монголын нутгаас Гандан Тэгчилэн хийдийг хөөж гаргах гэж байгаатай адил буюу төстэй зүйл болж байгаа юм. Украйны засаг ийм л новшийн юм хийнэдээ. Тэр хөөж байгаа сүмд нь украйнчууд л шүтэн мөргөж, украйн лам нар ном уншиж байгаа, тэднийгээ хүндэтгэдэггүй юм уу?

Зочин [103.111.68.3] 2023-04-06 14:12:54

Тусгаар улс өөрийнхөө нутаг дээр өөрийнхөө сүмнүүдийг байлгах эрхтэй мал минь манайд Төвдүүд сүм хийдээ байгуулна гэвэл чи дэмжих үү. Оросын Үнэн алдартны сүм Оросын тагнуулын гар хөл болж Путинг дэмжсэн бодлого баримтлаж байсан учраас хөөгдөж байгаа юм Украин өөрийн Үнэн алдартны сүм хийдтэй улс. Бүх Оросын шашны байгууллагуудыг хөөж гаргах нь зөв. Бурханы нэр барьсан юм бол дайныг дэмжих ёсгүй шүү дээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.