БНСУ: БНАСАУ “хэзээ мөдгүй” цөмийн туршилт хийхэд бэлэн байна

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ “хэзээ мөдгүй” цөмийн туршилт хийхэд бэлэн байна гэж БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жон Суп өнөө өглөө мэдэгдэж, Сөүл Пёньянаас учирч цөмийн болон пуужингийн аюул заналыг тогтоон барих хүчийг бэхжүүлэх бодлогод гол анхаарлаа хандуулж байгааг нотолжээ. БНАСАУ-ын өдөөн хатгасан үйлдлүүдийн улмаас хурцадмал байдал улам даамжраад байгаа энэ үед Ли Жон Суп Үндэсний ассамблейн батлан хамгаалах хороонд үг хэлэх үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна. Умард Солонгос “Hwasan-31” тактикийн цөмийн цэнэгт хошуугаа саяхан үзүүлж, цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай шумбагч дрон туршсан билээ.

“БНАСАУ цөмийн долоо дахь туршилтаа хийх бэлтгэлээ хэдийнээ базаасан бөгөөд хэзээ мөдгүй явуулахад бэлэн байна” гэж тэрбээр хууль тогтоогчдод хэлжээ.

Ли Жон Суп батлан хамгаалахын хороонд танилцуулсан тайландаа, БНАСАУ цөмийн туршилтаа түргэсгэвэл цөмийн цэнэгт хошууг олноор үйлдвэрлэх, ашиглахад шаардлагатай “техникийн шалгалтуудыг” эцэслэн хийж магадгүй байна гэж дурдсан байна.

Тэрбээр мөн БНСУ, АНУ эвслийн сүр хүчийг харуулах зорилгоор БНАСАУ-ын хийж болзошгүй цөмийн туршилтын хариуд цэргийн хамтарсан хариу арга хэмжээнүүдийг боловсруулсан гэдгийг онцолжээ. Тухайлбал, Америкийн стратегийн цэргийн хэрэгслийн оролцоотойгоор холбоотны хүч чадлыг хамтран үзүүлэх аж.

БНАСАУ цөмийн цэнэгийг дамжуулах янз бүрийн техник хэрэгслүүдийг эзэмшихийн тулд тасралтгүй хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд тэдгээр зэвсгийнхээ хүчин чадлыг шалгаж баталгаажуулахдаа БНСУ-АНУ-ын саяхан явуулсан цэргийн сургуулилалтуудыг шалтаг болгон ашигласан гэж Ли Жон Суп мэдэгджээ.

БНАСАУ хэзээ цөмийн туршилтаа явуулах талаар янз бүрийн таамаг дэвшүүлээд байгаа юм. Удирдагч Ким Жөн Ун улсынхаа цөмийн зэвсгийг “эрс” нэмэгдүүлэхийг уриалж байсан 2017 оны хамгийн сүүлийн туршилтыг оруулаад зургаан туршилтаараа хангалттай технологиудыг эзэмшсэн бололтой байгааг харгалзан үзвэл ойрын үед туршилт хийхгүй гэж зарим шинжээч үзэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.