БНФУ болон БНХАУ-ын удирдагчид Украины асуудлаар энхийн хэлэлцээг түргэн сэргээхийн төлөө байна
Франц, Хятадын удирдагчид Орос, Украиныг аль болох түргэн энхийн хэлэлцээгээ сэргээх ёстой гэсэн нэгдмэл байр суурьтай байна. Тэд мөн аль ч тал цөмийн зэвсэг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна. Хятадад төрийн айлчлалаар хүрэлцэн очоод байгаа Францын ерөнхийлөгчийг Ши Жиньпин өчигдөр Бээжин хотод хүлээн авч уулзлаа. Тодруулбал, хаалттай байдалд болсон тэдний яриа хэлэлцээг франц болон хятадын албаныхан “илэн далангүй, нөхөрсөг уур амьсгалд болсон” гэж мэдээлж байгаа юм. Хятад, Франц хоёр улс олон талт үзэл, энх тайван, тогтвортой байдал хийгээд дэлхийн цэцэглэлт хөгжлийг ахиулах үүрэгтэй гэдгийг Ши тэмдэглэн хэлсэн байна.
Макрон харин Хятад улсыг Украинд энх тайван тогтоохын төлөө хүчин зүтгэнэ гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Оросыг ухааруулж, талуудыг хэлэлцээний ширээнд суулгаж чадна гэж Ши-д найдаж байгаагаа хэлжээ. Уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Ши Жиньпин, Хятад улс энхийн хэлэлцээ, улс төрийн гарц шийдлийг ахиулахын төлөө байгаа гэдгийг мэдэгдсэн байна. “Ухаалаг, хүлээцтэй байдлаа хадгалж, хямралыг улам даамжруулах эс бөгөөс бүр хяналтаас алдах аливаа үйлдэл хийхгүй байхад Хятад улс Францын хамтаар олон улсын хамтын нийгэмлэгийг уриалах хүсэлтэй байгаа” гэдгийг Хятадын дарга мөн мэдэгджээ.
Ши Макрон нар тэрчлэн, цөмийн зэвсэг хэрхэвч ашиглах учиргүй гэдэг дээр нэгдмэл байр сууриа нотоллоо. Цөмийн зэвсгийг хямрал сөргөлдөөний нөхцлөөс эгнэгт хасаж, энэ талаарх олон улсын гэрээ хэлцлийг хэлбэрэлтгүй мөрдөн, өөр улсын нутагт цөмийн зэвсэг байрлуулах явдал ямар ч нөхцөлд үл гаргуулах нь Франц улсын баримталж байгаа байр суурь” гэдгийг Макрон ерөнхийлөгч энэ үеэр мөн тэмдэглэжээ.
Тактикийн цөмийн зэвсэг Беларуст байрлуулах оросын төлөвлөгөө энэ улсын Хятадын өмнө хүлээсэн үүрэгтэй ч мөн харшилж байгаа гэдгийг тэр дурдсан байна. Тогтвортой энх тайван тогтоохын тулд яриа хэлэлцээг аль болох түргэн сэргээх нь чухал гэдгийг францын ерөнхийлөгч мөн онцолж, Украин улсын тусгаар бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нь энх тайван тогтох үндэс гэж мэдэгджээ. Францын ерөнхийлөгчтэй зэрэг Хятадад айлчилж байгаа Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен мөн тэдний дараа тусдаа хэвлэлийн хурал хийлгэх үедээ, Хятад улс Орост зэвсэг нийлүүлэх нөхцөлд олон улсын хууль журмыг зөрчиж, ЕХ болон Хятадын харилцаг “мэдэгдэхүйц сэвтээх” болно гэдгийг мэдэгджээ.
Өнөөдөр Францын ерөнхийлөгч Хятадын даргын хамтаар өмнө зүгийн Гуанчжоу хотод зочилж, орой нь дахин хамт тусгай зоог барих төлөвлөгөөтэй байна. Энэ удаагийн францын ерөнхийлөгчийн айлчлал ийнхүү, өнгөрсөн оны 11 дүгээр сард Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпиний АНУ-ын ерөнхийлөгч Байдентай хийсэн уулзалтаас хойших өрнөдийн нөлөө бүхий удирдагчтай хийж байгаа гол томоохон уулзалтад тооцогдож байна.
Сэтгэгдэл
Францын Ерөнхийлөгчийн үү, эсхүл ЕХолбооны айлчлал уу? [139.5.219.114] 2023-04-09 20:37:54
Макрон нь яах гэж Фон дер Ляйентэй хамт Хятад очсон юм бэ? Яг хажуудаа комиссар буюу хянагчтай явж байгаа юм шиг харагдаж байнлээ.
Зочин [122.201.22.15] 2023-04-09 11:39:17
Алиалагчаа сайн барьж байх нь яасан юм анхнаасаа