Хятад Тайванийн арлын ойролцоо байлдааны сургуулилт хийлээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн арлын ойролцоо байлдааны томоохон сургуулилалтыг бямба гарагт эхлүүллээ. Тодруулбал, Хятадын 71 байлдааны нисэх онгоц бямба гарагт арлыг тойрон ниссэн гэж Тайванийн Засгийн газраас мэдээллээ. Эдгээрээс 45 онгоц нь Хятад, Тайванийн нутаг дэвсгэрийг албан бусаар тусгаарладаг хилийн шугам буюу Тайванийн хоолойн дундаж шугамыг давж, Тайванийн Агаарын зэвсэгт хүчний хамгаалалалтын бүс дээгүүр ниссэн байна. Тодруулбал, дээрх зэвсэг техник Тайванийн аралд хамгийн ойр оршдог Хятадын газар нутаг болох Пинтан арлын орчимд байлдааны сургуулилтаа эхлүүлсэн байна. Энэ байлдааны сургуулилт гурван өдөр үргэлжилж, даваа гарагт дуусна гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн зүүн тойргийн командын төвөөс мэдээлжээ.

Үүнийг Тайванийн ерөнхийлөгчийн АНУ дахь албан бус айлчлалын хариу үйлдэл буюу хатуу анхааруулга хэмээн ажиглагчид үзэж байна. Харин АНУ-ын зүгээс Хятад Тайванийг өөрсдийн нутаг дэвсгэр хэмээн үздэгээ илэрхийлж байна хэмээн мэдэгдэв.

Тайванийн Батлан хамгаалах салбарын албан тушаалтнууд “Манай улсын ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ-д айлчилсан нь Тайванийн бүс нутгийн аюулгүй, энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн гэж Хятадын Засгийн газар үзэж, байлдааны сургуулилт эхлүүллээ” гэж ярьсан байна. АНУ-ын төрийн департментийн албан тушаалтан “Манай улс Хятадын үйлдлийг анхааралтай ажиглаж байна. Үндэсний аюулгүй байдлын хорооны хурлаар Тайванийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чадамж, хангалттай нөөц бидэнд байгаа талаар ярилцсан” гэв.

Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ дахь албан бус айлчлалынхаа үеэр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Кэвин МакКартитай уулзаж Тайваньд үзүүлж байгаа дэмжлэгийг нь сайшаан, Тайванийг ганцаараа биш гэдгийг мэдрүүлэгт баярладгаа илэрхийлсэн байна. Мөн энэ үеэр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гадаад бодлогын байнгын хорооны дарга Майкл Маккаул АНУ цаашид Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх бөгөөд энэ нь дайнд бус, энх тайвныг тогтооход ашиглагдахыг мэдэгдсэн байна. АНУ нь Тайванийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч, гол холбоотон орон юм.

Цэргийн зэвсэг, хэрэгслийн худалдаа, нисдэг бөмбөлөг гэсэн хэд хэдэн асуудлаас үүдэн АНУ болоод Хятадын харилцаа хурцдаад байгаа билээ. Тиймээс Цай Ин Вэнийн АНУ дахь албан бус айлчлалыг Хятадын Гадаад хэргийн сайд буруутгаж, АНУ болон Тайванийн Засгийн газар хооронд ямар нэгэн хэлэлцээр хийж болохгүйг анхааруулж байв.

Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэн Бин “Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ эрх баригчдад нь дахин анхааруулья. Хэрэв гадны ямар нэгэн улсын тусламж болон өдөөн хатгалгаар тусгаар тогтнох оролдлого хийвэл юу ч бүтэхгүй” гэж “Aljazeera”-д ярьж байлаа. Ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Хятад нь АНУ-ын Төлөөлөгчийн танхимын даргын Тайпей дэх айлчлалын дараа өнгөрсөн оны наймдугаар сард арлын эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийж сүрдүүлж байв. Тодруулбал, 2022 оны наймдугаар сард АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын экс дарга Нэнси Пелосийг тус аралд айлчлах үеэр Хятадын арми долоо хоног орчим үргэлжилсэн томоохон байлдааны сургуулилалтыг Тайванийн хоолойд зохион байгуулж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.