ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг буурууллаа
ОУВС энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өнгөрсөн 1-р сард зарлаж байснаас 0,1 нэгж хувиар бууруулан, 2,8 хувь болгосон байна. Дэлхий даяар үнийн өсөлт ерөнхийдөө буурах төлөвтэй байгаа хэдий ч инфляцын хөөрөгдөл өндөр түвшинд хэвээр байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.
Мөн саяхны санхүүгийн салбарын үймээн тэр дундаа Америкийн банкуудын дампуурал нөлөөлж байгааг тайланд дурдсан байна. Банкны хямрал санхүүгийн салбарт бүхэлд нь халдварлах вий гэсэн болгоомжлол бий болсон ийм үед Төв банкуудын бодлогын хүүгээ хурдтай өсгөснөөс сөрөг үр дагавар гарах нь улам тодорхой болж байна гэж ОУВС дүгнэсэн байна.
Мөн тус сан банкны салбарт гарч болзошгүй доголдол дэлхийн эдийн засагт илүү ноцтой нөлөөлж магадгүйг ч анхааруулжээ. Ер нь өмнө нь ОУВС дэлхийн томоохон орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний хатуу бодлого баримталж байгаагаас ихээхэн сөрөг үр дагавар гарна гэдгийг сануулж ирсэн.
Дэлхийн санхүүгийн орчинд мөнгөний хатуу бодлого гэнэт явуулах нь зээлийн нөхцөл, улсын төсөв, тэр дундаа хөгжиж байгаа болон шинээр тэлж байгаа эдийн засгуудад илүү их сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг эдийн засгийн шинжээчид сануулж байгаа юм. Харин ирэх 2024 онд дэлхийн нийт эдийн засгийн өсөлт 3 хувьтай байна гэж тус сан урьдчилан таамаглаж байна.
Сэтгэгдэл