АНУ-ын Холбооны мөрдөх товчоо бичиг баримтууд задруулсан хэргээр баривчилгаа явуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын мөрдөгчид засгийн газрын нууцад хамаарах баримт бичгүүд тарсан асуудлыг хэн өдүүлснийг тогтоохоор шамдаж байна. Украины дайны талаарх, мөн Америкийн холбоотнуудын талаар нууцын зэрэглэлтэй мэдээллүүд өнгөрөгч сараас нийгмийн сүлжээгээр тарсан нь ил болоод байгаа. Тэгвэл ХМТ-ны ажилтнууд энэ хэрэгт холбоотой нэг хүнийг олж тогтоон баривчилжээ.

Тодруулбал, өчигдөр Массачусетсийн Үндэсний агаарын гвардийн хамгаалагч ажилтай, 21 настай Жек Тейшера гэгчийг баривчилсан байна. Энэ тухайд АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд өчигдөр зарласан байна. Мэдээллийн технологийн мэргэжилтэй уг сэжигтнийг “Дискорд” нийгмийн сүлжээнд видео тоглоом, буу зэвсэг, арьс өнгөний үзлийн талаар харилцдаг 20-иод хүнтэй групп ахалдаг байсан гэж үзэж байна. Тагнуулын, түүний дотор “маш нууц” зэрэглэлийн хэдэн зуун хуудас баримт бичгийг задруулсан хэрэгт түүнийг сэжиглэж байна. Украины байлдааны чадавх, Израил, Өмнөд Солонгос зэрэг АНУ-ын холбоотнуудын талаарх тагнуулын мэдээ сэлт тэр баримтууд дунд багтаж байгаа юм.

АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрээр баримт бичиг хууль бусаар задруулсан асуудлыг яам нь ихээхэн нухацтай авч үзэж байгаа гэдгийг мэдээлээд, энэ үйлдэл хэр өргөн хүрээг хамарч, хэр их урхаг тарьж болох гэхчлэн асуудлыг бүхий л талаас нь агентлаг хоорондын болоод тагнуулын албадтай хамтран өдөр шөнөгүй ажиллаж байна гэж ярьсан байна. Мөн алдагдсан мэдээллүүдийг хэн хааш нь хэнтэй, ямар аргаар задруулсныг Пентагоны албаныхан нягтлан шалгаж байгааг нэмж дурджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Байден энэ хэргийн тухайд тайлбар хийхдээ, ил болсон баримт бичгүүд дунд “их хэмжээний хор уршиг учруулахуйц” ноцтой зүйл байхгүй, гагцхүү баримт задарсан гэдэг нь өөрөө асуудал болж байгаа гэдгийг онцолсон байна. Тэгвэл ажиглагчид ч бас, онц нууц мэдээллүүдийг задруулсан сүүлийн жилүүдэд үзэгдээгүй дуулиан тарьсан энэ хэргийн гол сэжигтнээр ийм залуухан, доод тушаалын цэргийн албан хаагч тодорч байгаа нь ч бас сонирхол татаж байгааг ажиглагчид тэмдэглэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.