Суданд зэвсэгт хүчин болон цэрэгжсэн бүлгийн хооронд мөргөлдөөн дэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

Суданы зэвсэгт хүчин болон хүчирхэг цэрэгжсэн бүлэг хооронд нийслэл Хартум болон бусад газарт ширүүн тулаан дэгджээ. Үүний улмаас тус улсын ардчилалд шилжих итгэл найдвар дахин замхарч, илүү өргөн хямрал мөргөлдөөн дэгдэх вий гэдэг түгшүүр төрүүлж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Улс даяар дэгдсэн мөргөлдөөний явцад бямба гарагт наанадаж 25 хүн амь эрсдэж, 183 хүн шархадсан тухай Суданы эмч нарын Холбоо “Ройтерс”-т мэдээлжээ. Тэд бүгд энгийн иргэд байсан эсэхийг тус Холбооноос тодруулаагүй байна. Суданы арми болон “Шуурхай дэмжих хүчин” нэртэй цэрэгжсэн бүлгийн хооронд хэдэн сар хурцадмал байсан нөхцөл байдал ийнхүү цус ургасан мөргөлдөөн болж хувирчээ. Суданд хэсэгхэн зуур оршин тогтнож байсан ардчилсан засаг төр тогтоох үйл явц 2021 оны 10-р сард болсон цэргийн эргэлтээр тасалдсаныг сэргээхэд чиглэсэн улс төрийн намуудын хоорондох яриа хэлэлцээ ч энэ түгшүүрт байдлын улмаас саатаж байна.

Өдөржин үргэлжилсэн ширүүн тулааны эцэст цэргийнхэн хувийн цэрэгжсэн бүлэгтэй хэлэлцээ хийхээс татгалзаж, “босогчдын сайн дурын нэгдэл” гэж нэрлэсэн тус бүлгийг татан буугдахад уриалжээ. Бямба гарагийн туршид нийслэл Хартус болон хөрш Омдурман хотод ширүүн буудалцаан үргэлжилсэн байна. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьж байгаагаар, талууд хоёр талаасаа хуягт техник болон хагас суудлын машинд суурилуулсан пулемётоор буудалцаж байсан байна.

Байдал эмх замбараагүй болж, хаа сайгүй дэлбэрэлт болж, гал гарч, бүгд толгой хоргодох газар хайн гүйлдэж байгаа тухай ярьсан нийслэл Хартум хотын оршин суугч “Хотод нь ийм тулалдаан болж байхыг үзээгүй” гэж ярьж байжээ. Энэ зуур Хартум хотын олон улсын нисэх буудал хамгийн халуун цэгийн нэг болсон байна. Нисэх буудлыг албан ёсоор хаасан гэж зарлаагүй боловч томоохон бүх нисэх компани нислэгээ зогсоожээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон олон улсын бусад өндөр тушаалын дипломатчид хүчирхийлэл дэгдсэнд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна. “Хямралдагч бүх талыг хүчирхийллээ нэн даруй зогсоож, шийдэгдээгүй асуудлуудаа шийдэх хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд хямрал цааш даамжрах, цэрэг элсүүлэхээс зайлсхийхийг уриалж байна” гэж Блинкен “Твиттер” хуудсандаа бичжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгйин дарга Антонио Гутерреш, Европын холбооны гол дипломатч Жокеп Боррел, Африкийн холбооны комиссын тэргүүн Мусса Факи Махамат, Арабын улсуудын холбооны тэргүүн Ахмет Абул Гейт нар талуудыг галаа зогсоож, маргааныг шийдвэрлэх хэлэлцээ хийхэд уриалж байна.


Сэтгэгдэл

Pee [202.131.225.197] 2023-04-17 12:06:17

Umnud Sudan ym uu hoid nni ym uu? Manai heden bor tsereg Umnud Sudand baigaa shdee gai holuur toirog dee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.