Японы Ерөнхий сайд БНСУ-д айлчлахаар төлөвлөж байна
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзаж, Умард Солонгосын баллистик пуужингийн хөтөлбөрт хамтран хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхээр тавдугаар сарын эхээр тус улсад айлчлахаар төлөвлөж байна гэж хоёр талын харилцаатай холбоотой эх сурвалжууд мэдээлжээ. Хэрэв энэ нь хэрэгжвэл К.Фүмиогийн айлчлал сүүлийн таван жилийн хугацаанд Японы Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн анхны айлчлал болох юм.
Хоёр улсын Засгийн газар К.Фүмиогийн айлчлалыг тавдугаар сарын 7, 8-нд зохион байгуулахаар ажиллаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд энэ сарын 19-21-нд Хирошимад болох "Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө харилцаагаа сайжруулахыг зорьж байгаа бололтой.
Хамгийн сүүлд Японы Ерөнхий сайд 2018 оны хоёрдугаар сард БНСУ-д айлчилж байсан бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзо Пёнчаны өвлийн олимпын наадмын нээлтэд оролцож байв.
Сэтгэгдэл