Японы ерөнхий сайд 5-р сард БНСУ-д айлчилна
Өнгөрсөн 3-р сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч сүүлийн 10 гаруй жилд анх удаа хоёр талын дээд түвшний айлчлалыг сэргээхээр Токиод айлчилж, Японы ерөнхий сайдтай дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Үүний хариу болгож Японы ерөнхий сайд Фумио Кишида ирэх 5-р сарын эхээр хөрш Өмнөд Солонгос улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Кишида хоёр орны төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг сэргээснээр хоёр талын харилцааг сайжруулна гэсэн найдвар тавьж байгаа юм байна.
Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа дайны үеийн хөдөлмөрийн мөлжлөгтэй холбоотой түүхэн маргааныг арилгах зорилгоор хохирогчдын ар гэрт олгох нөхөн төлбөрийг төсвөөсөө гаргах санал тавьснаар хоёр талын дээд уулзалт болсон. Японы ерөнхий сайдын Өмнөд Солонгост хийх айлчлал Кишидагийн Африкийн орнуудаар хийх айлчлалын дараа болох нь. Одоогоор Японы засгийн газар ирэх сарын 19-21-ны хооронд болох Долоогийн бүлгийн дээд уулзалтаас урьтаж, ерөнхий сайдын айлчлалын бэлтгэлийг хангаж байгаа юм байна. Хэрвээ айлчлалын тов батлагдвал энэ нь Кишидагийн хувьд засгийн эрх барьснаас хойшх хөрш Өмнөд Солонгост хийх анхны айлчлал болох юм. мөн өмнөх ерөнхий сайд Абэ 2018 онд айлчилснаас хойш Японы ерөнхий сайдын Сөүлд хийх анхны айлчлал болно. Фумио Кишида айлчлалынхаа үеэр Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөгжлөө эрчимтэй урагшлуулж байгаа ийм үед аюулгүй байдал болон бусад салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг тэлэх хоёр орны байр суурийг бататгахыг зорих болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Япон Өмнөд Солонгос улсууд нь ази дахь Америкийн холбоотнуудын хувьд цөмийн аюул заналын эсрэг Америктай гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьж байгаа юм.
Үүнээс гадна Кишида эдийн засгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа тэр дундаа хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг илүү аюулгүй болгох талаар Сөүлийн эрх баригчидтай хэлэлцэн шийдэх төлөвтэй байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
Сэтгэгдэл