Узбекистанд үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулжээ
Узбекистанд ням гарагт Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал хураалт болжээ. Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн бүрэн эрхийн хугацааг тэглэхийн хариуд нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэхээр уг нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна.
Тодруулбал, одоогийн ерөнхийлөгч 7 жилийн хугацаагаар дахин хоёр удаа улиран сонгогдох боломж энэ өөрчлөлтийн дүнд бүрдэх юм байна. Энэ дагуу, одоо 65 настай Мирзиёев 2040 оныг хүртэл улсынхаа төрийн тэргүүнээр ажиллах боломжтой болох юм. Хоёрдахь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа түүний сонгуулийн хугацаа одооны журмаар бол, 2026 онд дуусах учиртай байна. Үүний зэрэгцээ одоогийн нэмэлт өөрчлөлтөөр 35 сая хүн амтай Узбекистан улс нийгмийн хангамжийн үүрэг хариуцлага өндөртэй улс болохыг тунхаглахын хамт ХАА-н зориулалтаар бус газар эзэмшихийг зөвшөөрөхөөр болжээ.
Мөн цаазаар авах ялыг үгүй болгож, хүний эрхийг хангах, хууль бусаар, хугацаагүйгээр эрх чөлөөг нь хасахаас сэргийлэх зэрэг иргэний эрхийн хамгаалалтыг илүү өргөжүүлэхээр тусгасан байна. 2016 онд ерөнхийлөгч Ислам Каримовыг таалал төгссөний дараа засгийн эрхэнд гарсан Мирзиёев одоогийн үндсэн хуулийн өөрчлөлтийг, Узбекистан хүний эрх, эрх чөлөөг эн тэргүүнд дээдэлдэг улс болж байгаагийн нотолгоо хэмээн сурталчилжээ. Узбекийн зарим шинжээч хуулийн төсөлд илүү ардчилсан зарчмуудыг тусгаж, томъёоллуудыг илүү хүчтэй болгохыг уриалж байжээ.
Харин ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөжүүлэх шинэчлэлийн үндсэн санаа зорилгыг тэд эсэргүүцээгүй байна. Ард нийтийн санал хураалтын ирц 80 хувиас давсан үзүүлэлттэй гарсан гэж мэдээлж байна. Санал хураалтын урьдчилсан дүн өнөөдөр гарах юм байна. Энэ санал хураалтыг анх, өнгөрөгч 2022 онд явуулахаар төлөвлөж байсан ч Узбекистаны харьяан дахь Каракалпакстаны Бүгд найрамдах улсын өөртөө засах эрхийг хасах заалтаас үүдсэн үймээн самууны улмаас хойшилжээ. Энэ үймээний үеэр наанадаж 18 хүн амь эрсэдсэн байна.
Сэтгэгдэл