НҮБ: Суданы хямрал энгийн иргэдэд “Украины дайныхаас ч” илүү хүнд тусаж мэдэхээр байна
Суданд Зэвсэгт хүчин болон хагас цэрэгжсэн бүлгийн хооронд тулаан үргэлжилсэн хэвээр байгаа нь жирийн иргэд олноор хэлмэгдэх аюул дагуулж байна. 72 цаг гал зогсоох ээлжит уриалга өнгөрөгч амралтын өдрүүдэд ахин бүтэлгүй болж, дайн тулаан үргэлжилсээр байгаа нь энгийн иргэдэд “Украиныхаас ч хүнд нөхцөл байдал” үүсгэж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед мэдэгдсэн байна.
Зургаан сая хүн амтай нийслэл Хартум хотод Суданы арми, түүнтэй тэмцэлдэгч цэрэгжсэн зэвсэгт бүлэг хооронд зэвсэгт тэмцэл улам бүр газар авч байгааг Мохаммед дурдсан байна. Зэвсэгт хүчний зүгээс хотын байр орон сууцуудаар орогносон зэвсэгт бүлгийнхэнд цохилт өгөх нэрээр агаараас бөмбөгдөж байгаа нь эгэл жирийн хүмүүсийг асар олноор үрэгдэх нөхцөл болж байна гэж тэр мэдэгджээ. Энэ зуур дайтагч талууд дахин 72 цаг гал зогсоох тохиролцоог зөвшөөрсөн байна. Орон нутгийн болон олон улсын уриалга шахалтын хариуд талууд ням гарагт энэ талаар дор бүрдээ мэдэгдэл хийжээ. Гэхдээ өмнөх хэд хэдэн удаагийн гал зогсоох уриалгыг бүрэн мөрдөөгүй хоёр тал энэ удаад амлалтаа хэр биелүүлэхийг хэлэх аргагүй гэж хэвлэлүүд бичиж байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээгээр, ням гарагт нийслэл Хартумд хаа сайгүй тулаан үргэлжилсэн байна.
Суданы ерөнхий сайд асан Абдалла Хамдок одоогийн хямрал хэдэн зуун мянган хүний амийг авч одсон Сири, Ливи зэрэг улсын дайн дажнаас дор байдалд хүрч болзошгүйг мэдэгдсэн байна. “Энд, миний харж байгаагаар, дэлхийг аймшигт автуулах нөхцөл бүрэлдэж байна. Энэ бол жижиг бослогыг дарах гэсэн тэмцэл төдий биш. Харин хоёр армийн хоорондох дайн юм” гэж тэр хэлжээ.
Өнгөрөгч 4-р сарын 15-нд зэвсэгт хямрал дэгдсэн цагаас хойш 528 хүний амь эрсэдсэн гэж Суданы эрүүл мэндийн яамны мэдээлж байна. НҮБ-ын төлөөлөгчид мөн ойролцоо тоо хэлж байгаа ч, бодит байдал дээр амь үрэгдсэн хүний тоо хавьгүй өндөр байх магадлалтайг Ройтерс дурдсан байна. Мөргөлдөөн тулаан тасралтгүй үргэлжилж байгаагаас эмнэлгүүдийн 70 шахам хувь ажиллах нөхцөлгүй болж хаагдсан, иргэд хэдэн зуу мянгаараа ойр хөрш орнууд руу амь өрсөн дүрвэж байгаагаас бүс нутагт хүмүүнлэгийн хямрал дэгдэх болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.
Сэтгэгдэл
Расизм аа гэж... [64.119.22.70] 2023-05-02 00:12:24
Дэлхий Африкийн улсад хамаагүй БАГА тусламж үзүүлнэ. Харж л байгаарай. Арьс өнгөний асуудаа гэж. НАТО-гийн орнууд туслаж харагдаач.