Ираны Ерөнхийлөгч Сирид мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа айлчилж байна
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси албан ёсны айлчлал хийхээр лхагва гаргийн өглөө Сирид хүрэлцэн иржээ. Ираны Ерөнхийлөгч 2011 онд Сирид мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсад анх удаа айлчилж байгаа нь энэ юм.
Э.Раисиг Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян, Батлан хамгаалахын сайд Мохаммад Реза Аштиани, мөн Газрын тосны сайд Жавад Оуджи зэрэг томоохон төлөөлөгчид дагалдан явж байна гэж SANA агентлаг мэдээлсэн байна.
Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудалд Э.Раисиг Сирийн Эдийн засгийн сайд Мохаммед Самер аль-Халиль угтан авчээ. Сирийн “Al-Watan” сонинд өмнө нь мэдээлж байснаар, Ираны төрийн тэргүүний айлчлал хоёр хоног үргэлжлэх бөгөөд айлчлалынхаа хүрээнд тэрбээр Ерөнхийлөгч Башар аль-Асадтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэнэ.
Э.Раисигийн айлчлалын үеэр мөн Иран, Сирийн хооронд эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай олон тооны гэрээ хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
Сэтгэгдэл