Дэлхийн Банкны 14 дэх Ерөнхийлөгчийг сонгожээ
Дэлхийн Банкны /ДБ/ 14 дэх Ерөнхийлөгчөөр Ажэй Бангаг сонгожээ. Түүний таван жилийн хугацаатай бүрэн эрхийн хугацаа зургаадугаар сарын 2-ноос эхэлнэ. “General Atlantic” компанийн дэд ерөнхийлөгчийн албыг саяхан хашиж байсан Ажэй Банга нь үүнээс өмнө 24 мянган ажилтантай “Mastercard” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын ажлыг гүйцэтгэж байв.
Тэрбээр мөн Олон улсын худалдааны танхимын хүндэт дарга, дэд дарга, “Төв Америкийн түншлэл” байгууллагын дэд даргын албыг хашиж байснаас гадна, Америкийн Улаан загалмай нийгэмлэг, “Kraft Foods”, “Dow Inc” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.
"Mastercard"-ын тэргүүн асан нь 14 дэх Ерөнхийлөгчийн хувиар ДБ-ны бүх байгууллагыг, тэр дундаа толгой байгууллага болох Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкийг удирдана. Өдгөө 63 настай Банга тус банкны Ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшсэн цорын ганц нэр дэвшигч болжээ. Энэхүү албан тушаалд нэр дэвшүүлэх үйл явц "нээлттэй, ил тод" байсан бөгөөд гишүүн орон бүр холбогдох саналыг гаргах боломжтой байсныг ДБ онцолсон байна.
Сэтгэгдэл