БНСУ-д “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг цуцална
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан тогтоосон бүх хязгаарлалтыг үндсэндээ бүгдийг нь цуцлахаар болсныг өнөө өглөө мэдэгдлээ. Юн Сог Ёль коронавирусний халдварын тархалттай тэмцэх асуудлаарх хурлын үеэр хэлэхдээ, “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдэд долоо хоног заавал тусгаарлагдах шаардлага тавьж байгааг таван өдөр болгож бууруулна гэсэн байна.
Мөн битүү орчинд амны хаалт зүүх журмыг хэвтэн эмчлүүлдэг өрөөтэй эмнэлгүүдээс бусад бүх газар цуцлахаар болсноос гадна хилээр нэвтэрсний дараа “PCR” шинжилгээ авах журмыг цуцлахаар болжээ. Эдгээр арга хэмжээ нь ирэх зургаадугаар сарын 1-нээс буюу “COVID-19”-ийн эрсдэлийн түвшнийг “ноцтой”-гоос “анхаарах” түвшинд хүргэж бууруулах үеэс хэрэгжинэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлаа цуцалснаас хэдхэн өдрийн дараа дээрх шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл