Тайландын парламентын сонгуульд сөрөг хүчин тэргүүлж байна
Тайландын парламентын доод танхимд сөрөг хүчний намууд олонхын суудал авах төлөвтэй байгааг Сонгуулийн хорооноос танилцуулсан урьдчилсан дүн харуулж байна.
Тус хорооны өнөө өглөөний шинэчилсэн мэдээллээр, саналын хуудасны 99 орчим хувийг тоолсны дараах байдлаар сөрөг хүчний хоёр гол нам болох “Урагшаа хөдөлгөөн” болон “Тайландын төлөө” нам Төлөөлөгчдийн танхимд тойргоосоо сонгогдох 400 суудлын 113, 111 -ийг тус тус авах төлөвтэй байна.
Залуу сонгогчдын дунд ихээхэн нэр хүндтэй байгаа “Урагшаа хөдөлгөөн” нам мөн 14 сая гаруй санал авснаар намын жагсаалтаар шийдэх 100 суудлын санал хураалтад ялах төлөвтэй байна. Түүний араас “Тайландын төлөө” 10 сая санал авснаар бичигдэж байна.
Сонгуулийн хороо намын жагсаалтаар авах 100 суудлын талаар хараахан зарлаагүй байгаа ч сөрөг хүчний хоёр нам парламентын доод танхимд ердийн олонх болсон гэж Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тооцоолж байна.
Энэ удаагийн сонгуульд 52 сая гаруй сонгогч санал өгөх эрхтэй. Төлөөлөгчдийн танхимын 500 гишүүний 400 нь тойргоосоо шууд сонгогдох бол 100 нь намын жагсаалтаар сонгогдоно.
Ерөнхий сайд Прают Чан-Очагийн “Тайланд үндэстний нэгдэл” нам 23 суудал авах төлөвтэй байгаа ч намын жагсаалтаар 4.6 сая саналтайгаар гуравдугаарт жагсаж байна.
Сонгуулийн албан ёсны дүнг Сонгуулийн хороо баталгаажуулах бөгөөд 60 хоногийн дотор гарах ёстой. Үүний зэрэгцээ, 2017 оны Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхий сайд парламентын 500 гишүүн, 250 сенатчийн ердийн олонхын санал авах шаардлагатай тул улс төрийн намууд эвсэл байгуулах хэлэлцээг эхлүүлэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл