Босго оноо даваагүй шалгуулагч наймдугаар сард дахин шалгалт өгөх боломжтой

Aдмин / Боловсрол

Улсын хэмжээнд энэ жил монгол хэл, бичгийн шалгалтад нийт 30,879 шалгуулагч хамрагдаж 26,017 сурагч тэнцэж, 4862 шалгуулагч тэнцээгүй буюу босго оноо даваагүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээллээ.

Тэрбээр мэдээлэхдээ, "2013 оноос их, дээд сургуульд элсэх шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авч эхэлсэн. Шалгалтын босго оноог 400 байхаар тогтоож ирсэн. Монгол хэл, бичгийн шалгалтдаа 400 ба түүнээс дээш оноо авснаар дотоодын их, дээд сургуулиудад элсэх эрх нь нээгддэг онцлогтой. Тус шалгалт эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны түвшнийг дээшлүүлэх, хүртээмжийг сайжруулах зорилготой. Монгол хэл бичгийн шалгалтыг уншиж ойлгох чадвар, зөв бичих чадвар, монгол бичгээр унших чадвар, эх зохион найруулах чадварыг шалгах агуулгын хүрээнд авсан.

Шалгуулагчид сэдвийнхээ хүрээнд 250-300 үгтэй эсээ найруулан бичиж, бүтээлч байдлаар шалгалт өгдөг онцлогтой. Шалгалтын материалыг нийслэлд төвлөрүүлж, мэргэжлийн багш нар гар аргаар нэг бүрчлэн дүгнэж, оноо өгдөг. Энэ жилийн хэл бичгийн шалгалт нь A, Б хувилбартай, нийт 50 оноотой байсан. Улсын хэмжээнд 50 оноогоо бүтэн авсан 36 шалгуулагч байгаа" гэв.

Энэ жилийн Монгол хэл, бичгийн шалгалтын гүйцэтгэлийн улсын дундаж 35 оноо буюу 70 хувьтай байгаа нь өмнөх жилүүдийн дундажтай харьцуулбал өссөн үзүүлэлт юм. Энэ нь тус шалгалтын зорилго, мөн чанарт ач холбогдол өгөн ажиллаж, сурч буй багш, сурагчдын хөдөлмөр үр дүнгээ өгч буй хэлбэр бөгөөд монгол хэл бичгийн хичээлийн сурлагын амжилт, чанарт эерэг үр дүн гарч байгааг тэрбээр тодотгов.

ЭЕШ зохион байгуулах журамд заасны дагуу Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагч 6 дугаар сард болох ЭЕШ-д сонгосон хичээлүүдээрээ хамрагдах боломжтой. Харин 2023 оны 4 дүгээр сарын 22-ны шалгалтад босго оноо даваагүй шалгуулагчид ирэх наймдугаар сарын 19-нд дахин зохион байгуулах Монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдаж, босго оноогоо давснаар их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой болох юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.