Ж.Байден Папуа Шинэ Гвиней, Австралид хийх айлчлалаа цуцалжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улсын өрийн таазтай холбоотой хэлэлцээ үргэлжилж байгаатай холбогдуулан Папуа Шинэ Гвиней, Австралид хийх айлчлалаа цуцалж байна гэж Цагаан ордон мягмар гарагт мэдэгдлээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мэдээлснээр, Ж.Байден айлчлалаа “хойшлуулж” буйгаа мэдэгдэхээр Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезетэй мягмар гаргийн өглөө утсаар яриад, Ерөнхий сайдыг албан ёсны айлчлал хийхийг урьжээ.
Мөн Ерөнхийлөгчийн баг Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайдтай холбоо тогтоосон гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна. Ж.Байден Номхон далайн бүсэд долоо хоногийн хугацаатай айлчлахаар төлөвлөж байсан юм.
Тэрбээр Япон улсад лхагва гарагт хүрэлцэн очно.
Мягмар гаргийн өглөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Цагаан ордон Папуа Шинэ Гвиней, Австралид хийх айлчлалын төлөвлөгөөг дахин авч үзэж байгаа талаар мэдээлээд байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Конгрессын удирдлагуудтай өрийн дээд хязгаарын талаар хэлэлцэж байгаа юм. АНУ зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй гэдгийг Сангийн яам анхааруулсаар байгаа бөгөөд Сангийн сайд Жанет Йеллен ийм нөхцөл байдал нь дэлхийн эдийн засгийн хямралыг өдөөж болзошгүйг сэрэмжлүүлээд байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл