Швейцарын Засгийн газар 25 ширхэг танкийг ХБНГУ-д буцааж худалдахаар зөвшөөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Швейцарын Засгийн газар 25 ширхэг танкийг буцааж Герман улсад худалдахаар шийдвэрлэсэн байна. Германы тухайд Украинд танкуудаа нийлүүлснийхээ дараа өөрийн нөөцийг нөхөн бүрдүүлэх үүднээс ийм хүсэлт тавьсан юм байна. Харин Швейцарын зүгээс танкуудыг цааш нь Украинд дамжуулахгүй гэдэг болзол тавьжээ.

Германы “Ирвэс-2” загварын 25 ширхэг танкийг ашиглалтаас гаргаж, үйлдвэрлэгчид нь буюу Германы “Райнметал” компанид буцааж худалдах гэсэн Швейцарын парламентын дээд танхим буюу Үндэсний зөвлөлийн аюулгүй байдлын Хорооны саналыг Засгийн газар нь дэмжин баталсан байна. Одоо уг шийдвэрийг парламент нь батлах ёстой байна.

Харин Швейцарын тал тухайн танкуудыг Украин руу дамжуулахгүй байх ёстой гэдэг нөхцөлийг тавьжээ. Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус, Эдийн засгийн сайд Роберт Хабек нар Украин руу шилжүүлсэн техникийн нөөцөө нөхөн сэлбэх үүднээс Швейцарын армийн хэрэглээнээс гарсан “Ирвэс-2” танкуудыг худалдаж авах саналыг энэ оны 2-р сард Швейцарын БХЯ-ны сайд Виола Амхердэд тавьж байжээ. “Германы тал ч танкуудыг Украин руу дамжуулахгүй, Германд өөрт нь аль эсвэл НАТО юмуу Европын Холбооны түншүүдэд нь техникийн нөөцийг нь нөхөх зорилгоор үлдэнэ гэж батлан мэдэгдсэн”-ийг Швейцарын засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна. Швейцарын армийн зэвсэглэлд нийтдээ “Ирвэс-2” загварын 134 танк байдгаас нь 96 нь нөөцөд байдаг юм байна.

Өмнө нь Герман зэрэг европын зарим улс Украинд цэргийн техник, сум хэрэгсэл нийлүүлж, Швейцар харин, Үндсэн хуулиараа баталгаажуулсан төвийг сахих бодлогоо баримтлан татгалзсан байна. Энэ ч үзэл баримтлалынхаа үүднээс Швейцарын зэвсэг техникийг өмнө нь худалдаж авсан Герман, Испани, Финланд зэрэг улсыг Украин руу дахин дамжуулахыг мөн хориглодог байна.

Германы тухайд Украинд “Ирвэс-2” танкууд нийлүүлэх, өөр бусад улсыг мөн ийм алхам хийхийг энэ оны 1-р сард зөвшөөрсөн. АНУ Украинд “Абрамс” танк 31-ийг нийлүүлэхээр амласан бол, Их Британи улс “Чэлленжер-2” байлдааны машинууд нийлүүлэхээ мэдэгдсэн. Улмаар өнгөрөгч 4-р сарын сүүлээр НАТО-гийн орнууд Украинд 1550 хуягт машин, 230 танк нийлүүлснийг “Франс пресс” сануулсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.